Saturday, October 13, 2007

Йог гэж юу вэ?

“Цэцгийн цоморлигтой адилаар хүмүүний амьдрал ч бас дэлбээлж цэцэглэх боломжтой. Хүний чадамж бүрэн цоморлигоо нээн дэлбээлэхийг йог гэнэ.”
Шри Шри Рави Шанкар

“Сэтгэл дахь бодлын давалгааг багасгах нь йог юм.”
Патанжали Йог Судар

“Сэтгэлийн амар амгаланг йог гэнэ. Аливаад идэвхи зүтгэлтэй, шунаг атаач санаагүй, амжилт болон уналтад амар амгалан байдлаа хадгалж чадах чадвар нь йог юм.”
Бхагват Гийта




Хүн гэдэг байгаль эхээс аз жаргал хүсэх хүсэлтэйгээ төрдөг гэж хэлж болно. Эртний мэргэд, гэгээнтнүүд амьдралын тухай үнэнийг хайн даяанчилж, тунгаан бясалгасаар эрүүл чийрэг, аз жаргалтай илүү утга учиртай амьдралаар амьдарч болох нууцыг тайлсан ухамсрын түвшинд хүрч чаджээ. Тэд энэ нууц бөгөөд ариун мэдлэгээ "Йог" гэж нэглэсэн байна.

"Йог" гэдэг нь "Yuj" гэсэн санскрит үгнээс гаралтай бөгөөд нэгдэл гэсэн утгатай үг юм. Хувь хүний оршихуй ертөнцийн оршихуйтай нэгдэх нэгдэл. Йогын мэдлэг хамгийн анх Шива бурханаас эхнэр Парвадид (сансрын энерги буюу Шакти ч гэж нэрлэдэг) уламжлагдсан юм.


Йог нь Хинду шашны гэгээнтнээс гаралтай боловч бүхий л шашин болон соёлд түгсэн байдаг. Шинжлэх ухааны ч бай, оюун санааны ч бай аливаа мэдлэг нь бүх ертөнцөд адил үйлчилнэ. Жишээ нь таталцлын хуулийг барууны эрдэмтэн Исаак Ньютон нээсэн ч энэ хууль бүх ертөнцөд үйлчилдэг. Дорны хүмүүс телевиз болон телефон утас нь зөвхөн баруунд зохион бүтээгдсэн учираас хэрэглэхгүй гэвэл тэнэг хэрэг. Үүнтэй адилаар зөвхөн Хиндуизмээс гаралтай учир йогыг амьдралдаа хэрэглэхгүй гэх нь өчүүхэн дотортой, богино ухаантай хүний хэлэх үг бизээ. Хэдэн мянган жилийн турш йог маш гайхамшигтай үр ашиг өгсөөр ирсэн.

Йог нь зөвхөн биеийн дасгалаар хязгаарлахдах ойлголт биш, бие сэтгэл болон оюуны амар амгаланд хөтлөх зам юм. Йог бол эрүүл саруул, баяр баясгалан, аз жаргалтай, илүү их амар амгалан амьдрахад сургасан эртний мэдлэг ба өөрийгөө таньж мэдэх, дотоод ертөнцтэй тань нэгтгэхэд хөтлөх болно.

(үргэлжлэл бий...)

No comments: