Thursday, February 7, 2008

3... 2... 1... хулгана жил гарлаа

Бага байхдаа зүг гаргахаас их ичдэг байлаа. Нэг жил шинийн нэгний өглөө зүгээ гаргахгүй гээд тэрийгээд хэвтчихлээ. Ижий минь гар хүрдэггүй савангийн хөөс шиг эмзэг байсан намайг гэнэт тэр өдөр угз татан босгоод үзүүртэй гутлаараа бөгс рүү өшиглөн эгээ л бөмбөг шиг 3-н давхараас гадаа гартал тууж, гарт тарни бичсэн цаас атгуулан зүг зааж өгсөн билээ. Би гэж нус нулимсаа долоон ээжийн аягласанд гомдоод л... тэгтлээ уурласныг бодвол зүг гаргах их л чухал байсных биз. Амьдралдаа хэдхэн удаа мөр гаргаж үзсэн. Хүний нутагт суугаа хүн зүг гаргадгүй гэж сонссоных. Арга ч үгүй биз. Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө бослоо гэсэн чинь хулгана, үхэр ямар цаг ч байх юм билээ. Ямар 5 4 3 2 1 ээ гээд секунд тоолоод гарчихдаг жил биш. (Миний "цаад" цаг хаанахын цагтай таардаг юм болоо?) За босоод гурилаараа гахай, нохойгоо хийгээд баруун урд зүгт гарлаа гэсэн чинь нар нь хаанаас манддаг нь мэдэгдэхгүй манантай, ядахад өндөр байшинтай, зүгээ мэдэхгүй чөтгөртэй зүг рүү нь гаргаад өнөөх барьж явдаг сэрээнд нь өлгүүлэх биз. Мэдлээ ч гараараа цеменд ухалтай биш, гахайгаа газар тавиад дэвсэлтэй биш. Хог тарьлаа гээд шинийн нэгэндээ хохирол гаргаж тэр жилдээ түрүүвч нимгэн явах биз. Монголчууд 2 шинэ жил тэмдэглэдэг сайхан шүү! 2 ч удаа шив шинэхэнээр эхэлж байгаа юм шиг. Ямартай ч элгээрээ энх амгалан хэмээн золголцож идээ ундаа элбэг байхыг хүсэн ширээ засан, илүү ихийг билэгшээн ирсэн хүн болгоныг дайлан, эд бараагаар элбэг байг гээд бэлэг өгдөг бизээ.
Сайхан шинэлээрэй!

1 comment:

Anonymous said...

Сайн байна уу. Таны блог нэрнээсээ авхуулаад эсээнүүд тань хүртэл гүн гүнзгий агаад хүний бодрол сэтгэлийг хөдөлгөх увидастай ажээ.
1. Энэ эрдмийг та өөрөө сурав уу?
2. Энэ блогыг хэн эрхэм хөтөлж байна вэ?
3. Таны и-мэйл хаягыг авч болохсон болов уу? Мөн та С.Ганбаатар гуайн хаягыг мэдэх үү?
4. Танд сүүлийн үед хүүхэд залуучуудын дунд шүдний өвчин болсон комьпютер тоглоомын муу нөлөөлөлийн тухай болон муу үр дагаварыг нь таниулж жигшүүлэх эсээ бичих боломж байгаа юу?
Та энэ бүх асуултын минь хариуг болгоон үзэж bazaalai@yahoo.com хаягаар илгээж болноо.
Эцэст нь хэлэхэд таны монгол хэлний ариун баялаг үгийн сангийн сувдан хэлхээгээр бүтсэн эсээ бүр монгол эсээний нэгэн нүүр царай болно гэж бат илтгэлтэй хэл би чадах байна...Танд амжилт хүсье.