Wednesday, October 1, 2008

Хэний төлөө?

Ангаахай блог хэний, юуны төлөө бичигдсэн юм бол оо? Хэнд, юунд зориулж бичигдчээд надаас бичлэг гуйдаг байна. Бүх бичлэгээ эргүүлж нэг уншлаа. Хүнд хэрэгтэй болсын болов уу гэтэл үгүй ээ, танд хэрэг болов уу? ядаж надад хэрэг болсон юм болов уу? Яг л нэг тоосонд дарагдсан, харандаагаар бичиж зарим нэг үг нь харагдахаа болисон тэмдэглэлийн дэвтэр мэт. Бодож байхдаа миний үеийн хүүхэд залуус их уншаасай гэж битүүхэндээ хүсдэг байж. Цагаас минь хөөрхөн ч шомбоддог байж. Одоо ч энд гаргах цаг үгүй болсон, бодол ч орж ирэхээ больж дээ....

Friday, July 4, 2008

Пири Рейсийн газрын зураг


"Шинжлэх ухаан, Танин мэдэхүй" сэтгүүл, 2004, №6.

Дэлхий 5, түүн дээрх амьдрал 4 тэрбум жилийн өмнө бий болсон. Цаг хугацааны урт удаан аянд Дэлхий дээр геологийн болон биологийн хувьслууд явагдсаар (гариг агаар мандалтай болж, далай тэнгисүүд ба тивүүд үүсэн, тэдгээрт амьдрагч төрөл төрлийн амьтад бий болж, үй олон үе солигдон) 10 гаруй сая жилийн өмнө анхны хүн дүрст мич, 2 сая орчим жилийн өмнөөс хүн дүрст, цэх явагч мич бий болсон... Харин 40 мянган жилийн өмнө ухаант хүмүүс (бид) үүсч, тун удаан овог овгоор салсан тархай бутархай байдалтай, бүдүүлгээр аж төрж (арьс нөмөрч, зураг зурж, гал гаргаж сурсныг эс тооцвол) байжээ. Тэгвэл соёл иргэншил чухам хэзээ анх үүссэн юм бэ?

Албан ёсны (ортодокс) шинжлэх ухаанд баримталж буй үзлээр бол дөнгөж 5 мянган жилийн өмнө л анхдагч соёл иргэншлүүд бий болсон байна. Энэ нь бичиг үсэгтэй болсон тэр цаг үетэй мөн давхацна. Соёл иргэншлийн эдгээр голомтууд нь эхлээд хоёр мөрний хөндийн Шумер (монголоор Сүмэр), тэгээд эртний энэтхэгийн Мохенжо-Даро, Хараппа, эртний Египет (Мисир), эртний Хятад зэрэг болно. Харин дараа нь Вавилон, Ассир, Перс, Эртний Грек, Эртний Ром… За, тэгээд манай эрин эхэлсэн бөгөөд үүнээс хойш, 2 мянган жилийн дотор бидний өнөөгийн соёл иргэншил бүрэлдэж, тогтсон. Одоо 3 дахь мянган жил гараад байна. Мэдээж, соёл иргэншлийн динамик төлөв хэвээр байгаа. Хүний нийгэм устах хүртэл энэ төлөв хадгалагдах байх. Гагцхүү гаригийн геологийн ба биологийн түүх, бүр хүн дүрст мичний биологийн хөгжлийн түүхтэй харьцуулахад манай иргэншил даанч залуухан ажээ.

Гэтэл, судлаачдыг балмагдуулж, сургаал номлолыг үгүйсгэж мэдэх тийм олдвор, түүхийн баримт цөөнгүй байдаг байна. Эдгээр нь одоо болтол оновчтой тайлбар аваагүйн улмаас эрдэмтдийг итгэгчид, үл итгэгчид ба дундыг баримтлагчдын бүлгүүдэд хуваахад хүргэдэг ажээ. Энэхүү өгүүлэлд ийм олдворуудын нэг болох Пири Рейсийн газрын зургийн (зур.1) тухай товч танилцуулъя.

Зур.1 Пири Рейсийн газрын зураг

Газель гөрөөсний арьсан дээр зурсан энэ гайхалтай газрын зургийг 1929 онд Туркийн Үндэсний музейн захирал Халил Эдхем тэргүүтэй хэсэг түүхчид Стамбул хотоос олжээ. Судалгааны үр дүнд энэ нь 1513 онд Туркийн далайн цэргийн гарамгай адмирал Пири Рейсийн өөрийн гараар зурсан жинхэнэ зураг болохыг тогтоосон байна.

Зураг дээр Африкийн баруун, Өмнөд Америкийн зүүн эрэг болон Антарктидын хойд эрэг дүрслэгдсэн байдаг. Ялангуяа Антарктидын хойд эргийг тун дэлгэрэнгүй үзүүлжээ. Антарктидыг 1818 онд Оросын судлаачид (Беллинсгаузен, Лазарев нар) нээсэн гэж үздэг. Тиймээс, энэ тивийг албан ёсоор нээхээс 300 жилийн өмнө яаж ийм газрын зургийг зурсан юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Гэхдээ Пири Рейсийн зургийн хамгийн гол оньсого бол Антарктидын эх газрын эргийн хэсгийг мөсөн хучилтгүйгээр харуулсан явдал юм.

Нууцлаг зургийн талаар нарийн судалгаа хийсэн хүмүүсийн нэг нь Америкийн эрдэмтэн Чарьлз Хэпгүд юм. АНУ-ын Агаарын Цэргийн Хүчинд, Пири Рейсийн газрын зурагт үнэлэлт хийж өгөх талаар хандсан түүний хүсэлтэд нөгөө тал дараах хариултыг өгч байжээ:

“1960 оны 7 сарын 6

Сэдэв: Адмирал Пири Рейсийн газрын зураг

Хэнд: проффессор Чарльз Хэпгүдэд,

Нью-Хэмпшир гүнлэг, Кийн коллеж

Хүндэт Проффессор Хэпгүд ээ,

Таны, 1513 онд хийгдсэн Пири Рейсийн газрын зургийн ер бусын онцлогуудад үнэлэлт хийж өгөх тухай хүсэлтийг тус байгууллага ёсоор болгов. Газрын зургийн доод хэсэгт, Антарктид дахь Хатан хаан Модын Газрын Марта Гүнжийн Эрэг (хэсэг) болонПалмер хойг дүрслэгдсэн байна гэж үзэх нь үнэнд нийцнэ. Бид дараах тайлбарыг хамгийн боломжит, бас магадгүй зөв тайлбар гэж үзлээ.

Зургийн доод талын дүрслэлийн газарзүйн өгөгдлүүд нь 1949 онд швед-британий экспедици, Антарктидын мөсөн бүрхүүлийн дээд хэсэгт явуулсан сейсмологийн тандалтын үр дүнгүүдтэй сайн тохирч байна. Энэ нь, газрын зураг дээр, эргийн хэсгийг түүнийг мөсөнд хучигдахаас нь өмнө буулгасан гэсэн үг мөн. Тухайн газар нутаг дахь мөсний зузаан ойролцоогоор 1.5 км болно. 1513 оны үеийн газарзүйн мэдлэгийн төвшинд дээрх өгөгдлүүдийг хэрхэн олж авч чадсан тухайд бидэнд ямар ч төсөөлөл алга аа.

АНУ-ын Агаарын Цэргийн Хүчний ахмад, дэд хурандаа Хэрольд Олмейер.“

Зургийн хоосон зайнууд дээр, Пири Рейс энэ зургийг бүр эртний эх сурвалж, зургаас хуулбарлаж зурсан болохоо тэмдэглэж бичсэн байдаг. Газрын зураг дээр Антарктидын хойд хэсгийг мөсөн хучилтгүй зурсан байгаа. Тухайн үед Антарктидын мөсөн бүрхүүлийг сая жилийн настай гэж үзэж байлаа. Тэгэхээр зургийн оригинал бас дор хаяж сая жилийн настай болж таарна. Гэтэл энэ бол ямар ч боломжгүй зүйл, учир нь тэр үед хүн төрөлхтөн үүсээгүй байсан шүү дээ.

Дараа дараагийн илүү нарийн судалгаагаар, Антарктидын одоогийн мөсөн бүрхүүл 6000 жилийн өмнө үүссэн болохыг тогтоов. Түүнээс өмнөх 3000 эсвэл 7000 жилийн туршид тив мөсөн хучилтгүй байсан байна. Харин үүний өмнө мөстлөгийн үе, тэрний өмнө бас мөстлөггүй үе, өмнө нь ахин мөстлөгийн үе гэх мэтээр тус тивд мөсөн бүрхүүлтэй болон бүрхүүлгүй үеүүд ээлжлэн солигдож иржээ. Хамгийн гол нь, чухам хэн, ямар соёл иргэншил 6000 жилийн өмнө газрын зураг дээр мөсөн тивийг буулгав аа?

Орчин үед агаарын болон сансрын техник ашиглан, газрын зургийг өндөр нарийвчлалтайгаар хийдэг. Бидний мэдэхээр агаарын хүнд техник (онгоц) үүсээд 100, сансрын техник (хиймэл дагуул) үүсээд 50 жил болж байгаа. Гэтэл Пири Рейсийн зураг нарийвчлалын хувьд орчин үеийн зургуудаас дутах нь бүү хэл зарим талаар илүү байсныг АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүчний усзүйн товчооны судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл газрын зургийг хийхийн тулд дор хаяж агаараас зураг авсан байх нь (дахин сануулъя: 6000 жилийн өмнө!). Түүнээс гадна зургийг зурахдаа бөмбөлөг проекциор байгуулсан тийм эх зургаас хуулбарласан болох нь мэдэгдэв. Энэ эх зургийн проекцийн төв нь газрын гадаргаас 500 км өндөрт оршиж байсан байна (зур.2). Түүнийг зохиосон хүмүүс, экваторын уртыг одоогийнхоос дөнгөж ±100 км-ийн зөрөөтэйгээр тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл эх зураг бол хагас мянган км-ийн өндрөөс Дэлхийн харагдах байдлыг буулгасан газрын зураг байжээ.

Зур.2 Эх зургийн проекцийн төв нь Египетийн Каир хотыг дайрсан босоо шулуун дээр байрлана

Пири Рейсийн газрын зураг нь ийм төрлийн олдворуудын цор ганц биш гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. 1339 оны “Портолано” хэмээх газрын зурагт Европ, Умард Африкийн уртрагийг яг үзүүлж, Газар Дундын болон Хар тэнгисийн координатуудыг хагас хэмийн зөрөөтэй заадаг бол 1559 оны Хажи Ахметын зурагт бүр мөсөн галавын өмнөх үед ил байсан, одоо харин усан доор орсон Берингийн “гүүр” буюу Ази, Америкийг холбосон хуурай газрыг дүрсэлсэн байдаг. Оронтей Финней гэгчийн 1532 онд зурсан зургийн нарийвчлал бас л гайхамшигтай. Тэнд Антарктидыг мөн мөсөн бүрхүүлгүй харуулснаас гадна Гренландын арлыг 2 тусдаа арал болгож зуржээ. 20-р зуунд Францын эрдэм шинжилгээний ангийн хийсэн судалгаагаар Гренланд нь үнэхээр мөсөөр хучигдсан 2 тусдаа арал болохыг тогтоосон байх жишээтэй.

Түүхэнд мэдэгдэж байгаа эртний иргэншлүүд ийм зургууд хийж чадахгүй байсан. Тэд чинь дөнгөж л хүрэл зэвсгээсээ салж эхэлж байсан нөхөд шүү дээ. Тэгэхээр нэг бол бидний мэдэхгүй тийм өндөр технологит соёл иргэншил эрт цагт манай гариг дээр байсан, эсвэл олон мянган жилийн өмнө Дэлхий дээр харь ертөнцийн төлөөлөгчид ирж (эсвэл ирдэг) байсан, эсвэл энэ бүхэн дэмий хоосон сенсаци болж таарна.

Пири Рейсийн газрын зураг болон бусад олон олдворууд одоо ч гэсэн нууцаа хадгалсаар байна. Маргаантай олон тайлбарын чухам аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулна биз ээ. Нөгөө алдартай “Нууц материалууд” кинонд юу гэдэг билээ? “Үнэн хаа нэгтээ энэ хавьд л бий” гэдэг байх аа...

Б.Алтанхүү (2004)

Thursday, July 3, 2008

Wednesday, June 25, 2008

Амандаа ус балгав

Уншаад л байлаа... Энэ хүмүүс чинь бүгд л үнэн юм яриад, үнэн бичээд байдаг... Өө ашгүй дээ , болоо доо гэж бодохоор өөдлөх юм их ховор байх юм даа... Үнэхээр үйл, үг нь уралдаж байдаг бол өнөөдөр арай ч ингэж болохгүй байлгүй дээ... Сүүлийн үед монголчуудын яриа нь ихдээд байх шиг санагдах юм. Ярьж байгаа юм аа өөрөө хэр сайн биелүүлдэг, сахидаг бол?
Түрүүхэн энэтхэгт нэг "Гүрү" шүүх хуралд дуудагдаад бөөн юм болсон юм байх... Мань хүн өөрөө свами, бясалгагч, мэдлэгтэй нэгэн гэх... Чамгүй их дагалдагчтай ч болоод амжиж. Гэвч түүний гэрт нь шалгалт хийж л дээ... Мань хүн бодож байснаас тэс өөр, бясалгал гэж бараг мэдэхгүй, свами мөн гэсэн ямар ч баримт, итгэл төрүүлэхээр хүн биш байж л дээ. Хүний итгэлээр хөөрхөн нэр, мөнгө шомбодоод авч....
Хүнийг гэлтгүй монголд иймэрхүү "гүрү" нар олон байгаа... Нээх сайхан энэтхэг хувцас өмсөөд л бясалгал, иог хийгээд л, гэгээрэл гээд л яриад нэг л сайхан нигүүлсэнгүй хүн мэт харагдавч хийж байгаа нь зөрүүтэй байдаг нь харамсалтай... Жишээ нь : Амьдрах ухаан (Амьдрах урлаг) . Курсэд нь суусан хэн ч гэсэн өөрийгөө нээхээр, өрөөл бусдыг нээж ч чадахаар тийм л агуу их мэдлэгийг олгож өгдөг... Мэдлэгийг аягатай хоол гэвэл өөрөө идэх үү? эсвэл өөр хүнд халбагадаж өгөх үү? гэсэн 2 сонголт байж болох юм. Хамгийн анхны багш нь олноо хүндэтгэсэн Саран багш... Хүн болгон л хүүхэд шуухад аж ахуй гэж байхад тэрээр тэс өөр юм ярьж байсан. Хүний амьдралын гол утга учирыг өмнө нь ээж аав, өвгөд хөгшид, лам нараас сонсож байснаас арай илүү ойр, ойлгомжтойгоор ярьж таниулж ирсэн. Түүний ярьсан бүхэн үнэхээр бодууштай , түүнийг хүндэтгэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөхөөр. Гэвч дараа дараагийн түүний зэрэгтэй багш нар төрөн гарсан авч тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байсан гэж жиг жуг хийлцэнэ. Харин ч баярлах ёстой байсан бус уу? Эсвэл зүгээр л халбагадаж өгч байсан юм болов уу?
Түүнээс хойш амьдрах ухааны олон багш нар төрөн гарч, цаашид ч ихээр нэмэгдэх хандлагатай байна. Үнэхээр сайн сайн багш нар гарч ирж байгаа боловч саар ч хүмүүс бас байх юм. Монгол гэхээрээ тэгдэг юм уу? Монголын амьдрах ухааны багш нар хоорондоо эв түнжин муутай байдгийг анзаарсан. Саяхан монголд холбоо байгуулагдсан боловч ингэсэнээрээ илүү зүйл хийнэ гэдэг юу л бол... Нэг "Гүрү"-г шүтэж , бүгд л ижил юм заалгаж , нэг зорилгын дор байдаг юм байж яагаад зөвхөн бичиг баримтаар биш, сэтгэл санаа зорилгоороо нэгдэж болдоггүй юм болоо? Амьдрах ухаан жинхэнэ утгаараа хөгжиж чадах болов уу?

Wednesday, February 20, 2008

Та хэзээ, юунд хариуцлага хүлээнэ гэж бодож байна?

Яаруу явж байсан чинь ёоо гутал задарчихдаг. Явахын аргагүй... ядаж байхад гуталчин баагий дээр гуталтангууд овоорчихсон, очер яриад муухай муухай хараад... Уур хүрээд байх юм. Энэ муу гуталчин оёод өгчихгүй ажил баллаад сүртэйн, энэ хүмүүс урдуураа оруулчихгүй ядаргаатчих юм аа, нээх ажилтай ч юм шиг... Хүн өглөө босоод шар гутлаа өмсөх гээд байхад энэ нь дулаахан гээд ээж одоо... Энэ мууг уул нь авмааргүй байхад авгай ав ав гоё байна, тэглээ ч боломжийн үнэтэй юм гээд байсан шал дэмий юм авчихдаг... Ингэхийг нь мэдээд байхад... Тэр муу дэлгүүрийн хүүхэн худлаа дулаахан ориг мориг, хэдэн жил өмсөнө энэ тэр гээд худлаа бураад... Яахаараа дандаа хятдын хог оруулж ирдэг байнаа... Намайг бодвол мөнгөтэй юм байж худлаа нарийлаад, хямдхан гутал оруулж ирчихээд үнэтэй зараад...хүн шулаад...олигтойхон газраас авчирч болдоггүй л юм байхдаа... Энэ хэдэн бизнесмэнүүд нь худлаа улс төр хөөж байхын оронд ганц сайн гутлын үүлдвэр барьчихгүй...Ард түмний татвар хувааж идэж суух нь амар байдаг биз...Ажилгүй хэдэн юмнууд... Мөнгөө шулуулах хүнийхээ нэрийг дугуйлчихдаг бас мулгуу толгойнууд шүү... Анхнаасаа л хөдөө гаралтай юм болохоор...
Тийм... гутал урагдсанд төр, түм, түүх буруутай...
буюу бүхний өмнө та хариуцлага хүлээнэ. Гутал, гуйлгачин, улс, төр , түүх... бүгдэд нь та буруутай. Тэнд мал үхэж зуд болж байвал та буруутай... Тэртээд онгоц сүйрч , хүн хүнээ хөнөөсөнд та буруутай... Хөмсгөө өргөөд байх хэрэггүй, бултах гээд ч хэрэггүй. Хүссэн хүсээгүй үүний төлөө хариуцлага хүлээнэ.
Харин номын санд ороод ном уншчихаад зохиогч, номын сангийн эзэн, үүсгэн байгуулагч хянагч тэр бүү хэл номын санчид хүртэл баярлах хэрэгтэй бус уу?! Гараад таксины жолоочид...цайны газрын тогоочид... зам цэвэрлэгч , хог шүүрдэгч, орцны жижүүр , олиггүй хулгайчид хүртэл таларх... тэдэнгүйгээр ямар байна? Төсөөл дөө...
Хүний блогоор орж уншаад үнэн ч бай , худалч бай , хэрэгтэй хэрэггүй , уур хүрмээр , дургүй хүрмээр байсан хамаагүй түүнд баярллаа гэж хэлэх хэрэгтэй болов уу... Ядаж л Googlt adsense байдаг бол тэрэн дээр нь ганц ч болтугай тогшилт хийгээд өгөх л хэрэгтэй.

Thursday, February 7, 2008

3... 2... 1... хулгана жил гарлаа

Бага байхдаа зүг гаргахаас их ичдэг байлаа. Нэг жил шинийн нэгний өглөө зүгээ гаргахгүй гээд тэрийгээд хэвтчихлээ. Ижий минь гар хүрдэггүй савангийн хөөс шиг эмзэг байсан намайг гэнэт тэр өдөр угз татан босгоод үзүүртэй гутлаараа бөгс рүү өшиглөн эгээ л бөмбөг шиг 3-н давхараас гадаа гартал тууж, гарт тарни бичсэн цаас атгуулан зүг зааж өгсөн билээ. Би гэж нус нулимсаа долоон ээжийн аягласанд гомдоод л... тэгтлээ уурласныг бодвол зүг гаргах их л чухал байсных биз. Амьдралдаа хэдхэн удаа мөр гаргаж үзсэн. Хүний нутагт суугаа хүн зүг гаргадгүй гэж сонссоных. Арга ч үгүй биз. Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө бослоо гэсэн чинь хулгана, үхэр ямар цаг ч байх юм билээ. Ямар 5 4 3 2 1 ээ гээд секунд тоолоод гарчихдаг жил биш. (Миний "цаад" цаг хаанахын цагтай таардаг юм болоо?) За босоод гурилаараа гахай, нохойгоо хийгээд баруун урд зүгт гарлаа гэсэн чинь нар нь хаанаас манддаг нь мэдэгдэхгүй манантай, ядахад өндөр байшинтай, зүгээ мэдэхгүй чөтгөртэй зүг рүү нь гаргаад өнөөх барьж явдаг сэрээнд нь өлгүүлэх биз. Мэдлээ ч гараараа цеменд ухалтай биш, гахайгаа газар тавиад дэвсэлтэй биш. Хог тарьлаа гээд шинийн нэгэндээ хохирол гаргаж тэр жилдээ түрүүвч нимгэн явах биз. Монголчууд 2 шинэ жил тэмдэглэдэг сайхан шүү! 2 ч удаа шив шинэхэнээр эхэлж байгаа юм шиг. Ямартай ч элгээрээ энх амгалан хэмээн золголцож идээ ундаа элбэг байхыг хүсэн ширээ засан, илүү ихийг билэгшээн ирсэн хүн болгоныг дайлан, эд бараагаар элбэг байг гээд бэлэг өгдөг бизээ.
Сайхан шинэлээрэй!

Friday, February 1, 2008

Б .... Ш

Ижий аав 2 минь нэг хэсэг эрээнтэй бараантай амьдралд ээдэрч , бүдэрч явах цагтаа үзмэрч, ламд бараалхаж ажил амьдралынхаа учир начирыг лавлаж гэнэ л дээ. Цаадах нь зоос хаясан уу шоо шидсэн үү бүү мэд танайд нэг бурхан буруу харан байрласан байна гэв. Буруу хараад байх бурхан шүтэж яваагүй юмсан будилуу хүн дээр иржээ хэмээсэн гэдэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хог новшоо янзалж хэрэггүй бичиг цаасаа ухаж л дээ. Гэтэл тэр дунд нь Далай Лам дүрээрээ сууж байх юм гэнэ. Байрлал нь харин буруу харж ээ. Үүнээс хойш шүүгээн дотор Бурхан Будда заларч , өмнө нь үе үе зул асдаг болсон юм гэдэг. Духаа шалбартал, өвдгөө өвдтөл мөргөлөө гээд гуйсан болгоныг чинь гаран дээр тавчихдаггүй гуулин суумал биш дэгээ. Өгдөггүй ээ гээд өлөн тархийг чинь бохир усаар угаадаг, дуртай нэг нь муулж, харааж байдаг зүгээр ч нэг баримал биш дэгээ. Та хэзээ ч харахгүй, хэзээ ч сонсохгүй, угаас бурхан гэж үгүй. Харин наандаж сэтгэл судлал, цаандаж шидийн хүчтэй шашин гэгчийг ухан ойлгож, чин сэтгэлээс шүтэх нь таны дорд бие болоод дээд биед тустай бус уу. Учраа мэдэхгүй худлаа мөргөөд ч яаалаа, битгий шүт . Гэхдээ буруу зөрүү гэж битгий нүд. Шүтвэл лалынхан шиг амиа тавин шүт л дээ. Чадахгүй бол өөрийгөө л шүт. Та өөрөө бурхан. Шашин болгоны зорилго нэг зүгт... Аз жаргал, амар амгалангуй руу л тэмүүлнэ. Гараа алдалсан, алгаа дэлгэсэн, хөлөө зөрүүлсэн, хамраа унжуулсан аль нь ч бай чиний сайн сайхны төлөө нэг л уулын өөд өөрийн өөрийн зам мөрөөр л өгсөнө. Аль замаар нь явах нь харин таны дур. Харин замаа холиод , солиод , уруу өнхрөх вий хөөрхий.