Судар бичигт йогын олон төрөл замуудыг тайлбарлан бичсэн байдаг. Бүх гол мөрөн далайд цутгадагтай адил, йогын бүх төрөл өөрийгөө танин мэдэхүйд хөтөлнө. Таны аялал аль ч замаар эхэлсэн байж болох ч хүрэх газраа хүрч, өөрийн дотоод потенциалаа бүрэн дэлгэрүүлэхийн тулд энэ бүх чанарыг өөртөө агуулсан байх хэрэгтэй. Доор йогын үндсэн гэж нэрлэгдэх 5 төрлийг бичлээ.
1. Бхагти Йог: Чин бишрэлтний зам
Бурхны хайр хязгааргүй. Энэ нөхцөл шалтгаангүй агуу хайрыг мэдэрч, эргээд Бурханд барих хариу нь бишрэн хүндэтгэх юм. Бурхныг бишрэн шүтсэнээр дотоод ариуслыг мэдрэх нь хүний мэдэрч болох хамгийн нандин мэдрэмжүүдийн нэг. Бишрэн шүтэх гэдэг нь бурхны өмнө бууж өгөх, хүчин мөхөс байх гэсэн үг юм. Хайр болон талархалтайгаар бурханд үйлчлэх чин хүсэл. Чин бишрэлтэн хүн хаа сайгүй, хүн бүрийн дотор буй бурханлаг, тэнгэрлэг чанарыг олж харан эелдэг зөөлөн хүндэтгэлтэй харьцах төдийгүй тэр агуу бурханлаг чанарыг улам бүр хүсэмжилж байдаг. Бурханд зүрх сэтгэлээ өгч чадсан хүн зовлон бэрхшээл, айдас жихүүцэл, сэтгэлийн шаналгаанаас ангид байж чадах ба ямар нэг хэмжээ хязгааргүйгээр эрх чөлөөг мэдрэх хамгийн хялбар зам юм. Амин хувийн хүсэл шуналаа огоорон бусад хүмүүн бурхдын тусын тулд өөрийгөө зориулж чадах энэ замыг Бхагти йог буюу чин бишрэлтний зам гэнэ.
2. Карма Йог: Буяны замБуян гэдэг нь өөрийгөө мартан бусдад тусыг хүргэх, ямар нэг хариу нэхэлгүйгээр 100% өөрийгөө дайчлан бусдад үйлчлэхийг хэлнэ. Буяны зам нь чин бишрэлтний замтай их ойрхон, хайр бас хүндэтгэлгүйгээр бусдад өөрийгөө умартан байж туслах нь боломжгүй зүйл. Ямар нэг амин хувиа бодсон сэрэл өдөөгчгүйгээр, өөрийн тань тус хэрэгтэй буй нэгнийг харж тэвчилгүйгээр, хэзээ ч тусынхаа хариуг нэхэхгүйгээр өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх болон сайн санааны үүднээс хэн бүхэн, юм бүхэнд гараа сунгаснаар сэтгэлийн ариусал, сэтгэл хангалуун дүүрэн байдлыг бий болгодог.
3. Гнана Йог: Мэдлэгийн зам
Бидний уншиж, сонсож мэдсэнээр бол Бурхан одоо ч байдаг, хүн бүрийн дотор бурханлаг чанар нуугдсан байдаг гэх боловч энэ амьдралын үнэн нь бидний харж чадах, хүртэж мэдэрч чадах хэмжигдэхүүнээс чанагши нуугдсан байдаг. Тиймээс ихэнх хүн үүнийг зүгээр нэг философи онол гэж үздэг. Мэдлэгийн зам гэдэг нь жинхэнэ өөрийнхөө тухай мэдлэгийг өөр дээрээ мэдэрч мэдэхийг хэлнэ. Энэ замаар явж буй хүн судар бичгүүдийг уншиж судлах, ухаантан мэргэдийн үгийг сонсохоос гадна тэр мэдлэгийг амьдралд нь туршлага болгон харуулж чадахуйц, өөрт ивээл өршөөлтэй хамт мэдлэгийг мэдрүүлж чадах багштай байдаг. Зөвхөн өөрөө уншиж, сонсож хураасан мэдлэг нь "Би үүнийг мэднэ" гэсэн өөрийгөө тоох түвшинд хүргэж болох төдийгүй энэ нь оюун санааны амьдрал дахь хамгийн том саад юм. Өөртөө мэдэрч мэдсэн мэдлэг нь хүний амьдралд чин бишрэл, гайхамшиг, хүч чадал, бууж өгөлтийг авчирдаг төдийгүй үнэн болоод гүн энэ мэдлэг бодит ба бодит бишийг ч ялган харуулна.
4. Аштанга Йог: Оюуны сахилын зам
Сэтгэл цаг үргэлж ямар нэг үйлдэл хийж байдаг ч ихэнхийг нь бид анзаарч мэддэг ч үгүй. Ажиглаж мэдрэхгүй үйлдлүүд сэтгэлд тань хэдий чинээ их байна , төдий чинээ сэтгэл бараан үүлээр бүрхэгдсэн байдаг. Өөрийгөө ажиглах чадвар нэмэгдсэнээр сэтгэл тайвширч амгалан болно. Тайван тогтуун байгаа сэтгэл гаднаас юмсыг тунгалаг чигээр нь хүлээн авна, элдэв айдас, шаналгаанаас хол байж чадна. Бие, сэтгэл, сүнсийг цэвэр ариун, хүч чадалтай байлгахын тулд сахих ёстой 8 сахилын тухай эртний гэгээнтэн Патанжали хэлсэн байдаг ба энэ нь оюуны сахилын зам болон үлдсэн. Хүн амьдралынхаа бүхий л хугацаанд доорх 8 сахилыг ээлжлэн сахих хэрэгтэй гэжээ.
1. Яамас: Нийгмийн сахил
а. Ахимса - үг, үйлдэл, бодлоороо бусдад хүч хэрэглэхгүй байх
б. Сатъяам - үг, үйлдэл, зорилгодоо үнэн ч байх
в. Астэяа - хулгай хийхгүй байх
г. Брамачарьяа - хоёр утгатай *Бурхныг бүрэн үгүйсгэж үзэн ядахгүй байх *Хүрьцалд хэт шунахгүй байх ( таашаалд хэт донтохгүй хязгаарлаж сурах)
д. Апариграха - хэрэгцээгүй зүйлсэд шунан хураахгүй байх, бусдын эдэнд сэтгэл хорогдохгүй байх
2. Нияамас: Хувийн сахил
а. Сауча - бие, сэтгэлийг цэвэр ариун байлгах
б. Сантоша - сэтгэл хангалуун, баяр хөөртэй байх
в. Тапас - хувийн дэглэмийг сахих
г. Свадхаяаяа - өөрийгөө таниж мэдэхь өөрийгөө үгүйсгэхгүй байх
д. Ишварапранидхана - Бурханд бууж өгөх, магтан дуулах
3. Асанас: байрлалууд буюу биеэр хийх дасгалууд
4. Пранаяамас: тодорхой нэг амьсгалын дасгалуудаар амьдралыг тэтгэгч энергийн эргэлтийг тэгшитгэх
5. Пратаяахара: 5 мэдэрхүйгээ дотогш чиглүүлэх
6. Дхарана: нэгэн цэгт анхаарлаа төвлөрүүлэх
7. Дхаяана: бясалгах
8. Самадхи: өөртэйгөө нэгдэх, ухамсрын дээд түвшинд хүрэх
5. Хатха Йог: Махан биеийн зам
Махан биеийн зам буюу Хатха йог нь хамгийн их танигдсан, хэрэглэгддэг зам ба өөртөө Аштанга йогын зарим элэментийг агуулдаг. Биеэр хийх дасгалууд, амьсгалын дасгал болон бясалгал багтана.
(үргэлжлэл бий...)