Sunday, December 23, 2007

Сэтгэгдэл

Шинэ жил болох гээд гоё байна... Гоё гээд хөөрцөглөөд ч байх юу байхав он гарах гээд цаг л яваад байна шүү дээ. Миний блог-г уншиж байдаг та нарт баярллаа. Ялангуяаа юм бичээч гээд шалан байдаг Арсун ахдаа их баярллаа. Ангаахай нь он гаргаад бараг 4-н сартай болох гэж байна. Хэсэг хугацаа өнгөрөөд бүргэд, тоть, болжмор гээд ямар нэгэн юм болох бизээ. Энэ хугацаанд эргээд харахаар царай муутай хааш яаш бичсэн хэдэн халтар бичлэг л байх шив дээ. Цаашид улам илүүг бичихийг хичээнээ...
Та Ангаахай блог-г уншаад ямар хүн үүний ард суудаг гэж төсөөлдөг вэ? Сэтгэгдэлээ харамгүй, гамгүй, хайргүй, найргүй хуваалцаарай !

Wednesday, December 19, 2007

Disneyland "Magic Highway USA"

1958 онд Disneyland "Magic Highway USA" нэртэй уг хүүхэлдэйн киногоор ирээдүйг зөгнөж байжээ. Ингэж сайн төсөөлнө гэж байдаг аа.

Tuesday, December 18, 2007

С. Ганбаатар илтгэл 1-р хэсэг

Заавал сонсоорой ! Би өөрөө зургийг нь эвлүүлэх гэж оролдов...

Monday, December 17, 2007

Үгээр үнэнийг илэрхийлэх

Та ямар нэгэн юм ярьж, бичиж л дээ. Харин таны ойлгуулахыг хүссэн бүхэн тухайн хүнд яг таны дотор байгаа шигээ хүрэх болов уу? Хүн хүн өөр өөрийн мэдлэгийн түвшинд ойлгосоноороо л хүлээж авна. Хэрэгтэй, хэрэггүй, зөв буруу зөрүү гэх зэргээр янз янзаар тусгана. 100% ойлгоно, ойлгуулна гэдэг хэцүү юм. Хүний дотор орж чадахгүйтэй адил эргэлзээтэй асуудал. Жишээ нь би хэн нэгэн хүнд хэлж л дээ. Би чамд хайртай... Өнөөх хүмүүс нь дотроо бодож байна: зарим нь ямар гоё юм бэ би ч бас... Нэг хэсэг нь худлаа даа хэн мэдэхийн... Би түүнд хайртай гэдгээ тухайн үед өөрөөр яаж ойлгуулах вэ? Үгээр үнэнийг илэрхийлэх бол үнэхээр хэцүү... Лалын шашны Куран сударт "..чамайг болон чиний гэр бүлийг доромжилсон хүнийг чи хөнөөж болно, харин үхсэнийхээ дараа дээд тэнгэрт яагаад хүн хороох болсон шалтгаанаа тайлбарлаж чадвал чи диваажинд үгүй бол тамд..." гэсэн хэсэг байдаг гэж нэгэн иран найзаасаа сонсож байсан юм. Үнэхээр куран сударт иймэрхүү юм бичсэн байдаг гэдэг эргэлзээтэй. Харин тэнд үнэхээр тийм утгаар бичсэнийг хэн юу гэж ойлгоод тараасан юм бол гэдэг нь асуудал. Куран гэсэн үг нь л гэхэд өөрөө 70-д утгатай гэдэг.
Тэгвэл яаж ойлгох, ойлгуулах вэ? Чадвартай хүн бол чамайг үггүй байхад чинь ойлгоно. Далай багшийн номонд сууж байхад тэрээр ярьж байснаа гэнэт тэддүгээр эгнээний тэд дэх хүнийг шалгаадах гэв. Тэр хүнийг нэгжээд баривчлаад гараад явсан. Сүүлд чих тавихнээ зэвсэгтэй этгээд байсан гэсэн. Далай багш яаж мэдсэн юм бол оо? Психотроникийн талаас нь тайлбарлах гэж оролдвол багш хүний гэрлэн биеийг харах чадвартай байж болно, аль эсвэл хүний бодлыг ч уншиж чаддаг байх. Өшөө нарийн ширийн зүйлүүд байж болох юм. Ямарч байсан чадвартай хүн бол таныг төвөггүйхэн ойлгочих байх. Амьтад хүний хэл мэдэхгүй ч хүнийг ойлгодог. Яаж тэр вэ? Жишээ нь нохой айсан хүн руу дайрдаг гэдэг. Нохой үнэрлэх чадвар сайтай учир ШУ айсан хүнээс үнэр ялгардаг гэж тайлбарлав. Үгүй ч байж болно шүү дээ. Төгс хэл гэж үгүй. Тиймээс аливаа нийтлэлийг уншихдаа битий зүгээр нүдээрээ гүйлгэж уншиж байгаарай. Та минутын уншлага өгч байгаа хүүхэд биш дээ. Харин ганц нэг уншингуутаа тэнэг гэж дүгнэхээсээ өмнө сайн тунгаан уншин хэрэгтэй зүйлийг олж аван, хэрэггүйг нь таягдан, тухайн хүний хэлэх гэснийг утгаар нь сайн ойлгохыг хичээгээрэй. Үгний ард үг гэж ярьдаг даа.
Одоо миний санааг ойлгосон уу?

Sunday, December 9, 2007

Утаанбаатар


BY ангаахай

Thursday, November 29, 2007

Мэдээллийн сан

Эрдэмтэд одоо болтол тархи хэмээх нууц эрхтнийг судалсаар байна. Тархи ч нууцаа хадгалсаар байгаа билээ. Хэрэв тархийг бүрэн судалж чадах юм бол магадгүй бүх юмсын нууц тайлагдаж болох юм. Харж сонсож үнэрлэж амталж хүртэж мэдэрсэн мэдээллийг тархи хүлээн аваад, хадгалах ба тэдгээрийг боловсруулж өөр хооронд нь холбон санах ойд хадгалдагийг эрдэмтэд үжээ нээсэн билээ. Үрчгэр тусмаа ухаантай буюу мэдлэгтэй байдаг гэдгийг бүгд мэднэ. Аргагүй хар ухаанаар бодоход тархийг индүүдэж болоод татаж сунгаад дэлгээд үзье гэж бодвол нэлээн том талбайтай хавтан зүйл үүсэх нь лавтай. Үүнийг байгаль, гавал хэмээх жижигхэн орон зайд үрчийлгэн чихэн багатаахыг маш сайн шийдвэрлэж өгчээ. Тархитай болгон үзсэн харсан мэдсэн бүхний тоогоор ухаантай байдаг гэвэл бас алдас болох. Мэдсэн мэдлэгийг хооронд нь зохицуулж нааш цааш нь уялдуулдаг бодол гэж зүйл байх. Тийм юмуу гэхээр бас үгүй. Шөнө унтаж байхад чинь хэзээ ч хаана ч харж мэдэрч байгаагүй хачин зүйлүүд тархинд орж ирдэг. Хэзээ ч билээ хэн нэгэн ваннтай усанд ороход нь ус нь халгин асгарахад эврика хэмээн гадуур шалдан гүйх. Модон доор сууж байхад толгой дээр алим унахад таталцлын хуулийг нээх. Зураач, хүүхэн зурав. Зуун зуунд хүүхний инээмсэглэл нууцаа хадгалав. Хүн болгон л усанд ваннанд хэвтдэг, хүн болгоны дээрээс юм унасан байдаг. Зураач болгон л хүүхэн зурдаг. Яагад заавал Аристотел, Ньютон, Да Винчи ? Д.И.Менделеев хүснэгтээ ер нь яаж яваад олчихсон юм болоо? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Тэд уйгагүй хөдөлмөрлөж хичээсний үр дүнд, шагналд "бурхан" эрдэмтдийн тархинд мэдээлэл илгээжээ. Химийн хүснэгтийг зүүдэндээ л эвлүүлсэн гэсэн. Оёдлын машины зохиогч оёдлын машиныг эхэлж зүүдлээд дараа нь зохиосон гэсэн. Тэгсэн л гэсэн ингэсэн л гэсэн...Ихэнх нээлтүүд иймэрхүү учир битүүлэгээр нээгдсэн байдаг. Хэдэн мянган хэдэн, галавын өмнө ч химийн хүснэгт байсаар байсан. Гагцхүү цагаа хүлээн, эзнээ хүлээн хаа нэг газар хадгалагдаж байсан буй заа. Энэ мэт ирээдүйд хийх нээлтүүд ч эрт дээр хийсэн нээлтүүд ч , энэ ертөнцийн нууц бүхэн хаа нэгтээ хадгалагдаж байгаа биз. Хэзээ ирэхээ л хүлээн суугаа. Гэгээнтэн хүнээс та юу дуртайгаа асууж болно. Асуулт болгонд тань төвөггүй хариулах чадна. Тийм их мэдлэг цуглуулсан хүн үү? Үгүй ээ. Түүний нас тэр их мэдлэгт богино. Тэр мэдээлэлтэй холбогджээ. Мэдээллийн санд ертөнц нүцгэн. Та сайн бод тунгаа , бодлоо хяна, бясалга, хэрэггүй муу муухай бодлуудаас тархиа чөлөөл! Тэр ТАНЫ ч өмнө нүцгэн.

Saturday, November 24, 2007

Усны үг

Бид цасан ширхэгийн талст бүхий үзэсгэлэнт хэлбэртэй зургийг харж л байсан. "Messages from water" номын зохиогч, японы судлаач Др. Эмото ус хөлдөөн, мөсний талстууд хэрхэн хэлбэржсэн талаар сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн билээ. Зарим нэг зургуудаас сонирхуулбал.

Нью Зеланд, мөсөн гол


Франц, Оргилуурын усных


Фуживара , залбирал үйлдэхийн өмнө



Фуживара , залбирал үйлдсэний дараа


Түүнчлэн дуу хөгжим усанд хэрхэн нөлөөлж буйг талст харуулжээ. Усанд хэдэн цаг хөгжим сонсгосны дараа.

Air for the G String, Бах


Farewell Song, Чопин


Хүнд метал ая


Тэрээр бас нэгэн сонин туршилт хийжээ. Үг усанд хэрхэн нөлөөлөх бол. Ус үг мэдэхгүй утгыг нь ч мэдэхгүй гэж бодож байн уу? Эдгээр үгсийг бичсэн саванд хийж байгаад талсын зургийг нь авахад.

Хайр хүндэтгэл


Баярллаа


Чи миний дургүйг хүргэсэн. Чамайг ална шүү.


Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ. Намайг нэгэн шашны том үйл ажиллагаанд ороход ус огт оруулахгүй байв. Учрыг асуутал "энд ирсэн хүмүүсээс гарсан муу энерги усанд шингэдэг" гэсэн. Үнэний хувьтай ч байж болох юм.
Илүү мэдээлэл хүсвэл.

өлтөг - өртөг

Wednesday, November 14, 2007

Хятадуудаа хайрлацгаая !

Эвий энэ хятадуудыг харахаар хайр хүрээд байх юм. Тэр нүүр царай нүд нэг л хааш яааш, шүд ам нь ёрсойчоод, өмдөө эв хавгүйхэн татцан, өөр хоорондоо ярьж байгаа нь шулганалдаад эгдүүтэй гэдэг нь. Хөөрхийс бидний өмнөөс будаа гурил, жимс ногоог минь хүртэл тарьж өгч, гутал хувцсыг минь оёж өгөөд, аяга таваг, оо сойз, 00 цаас гээд бүгдийг нь л хийж өгөх юм дөө. Бас болоогүй ээ. Толгой хоргодох байрыг минь хүртэл барьж өгч байна шд...Гэрээс хол гарсан эрчүүд юм хойно ангаж цангалгүй яахав. Гуя хасаа гаргасан охидыг хараад яаж зүгээр тэсэхэв татаж чангаагаа л биз. Ар гэрээ бодож аль мөнгөтэй эрчүүдийн ард урд нь гаран байж хэдэн төгрөг салгадаг манай хэдэн хэцүү нэртүүдэд орлого оруулж ходоодонд нь хоол нэмэрлээд л... Хэт олуулаа юм хойно хоолтой хоцрохын тулд санаагаа хурцалж чамайгаа монжиж сармис зан гаргалгүй л яахав. Цаасан дээр зурсан шугамны цаана Хун Жин Тао тэргүүтний хуулин дор амьдарч, аж төрж, аз жаргал хайж буй жирийн л хүмүүс шүү дээ. Түүхэндээ манай улстай дайсан байсан л юм байгаа биз, тэглээ гээд монголчуудыг дэлхий тэгтлээ үзэн ядаагүй л байна. Хөөрхийсийг юунд нүдэнд орсон хог шүдэнд орсон мах мэт их үзэн ядаж яанам бэ залуусаа. Тааралдсан газраа гараа зангидаад, чулуу нүүлгэж цонх хагалаад цөөрөхгүй шдээ. Тэгдэг цаг өнгөрөөд 100 жил болж байна. Тэрний оронд...
Бүгдээрээ хамаг юмыг минь хийж өгч байгаа жунгаа, хужаа, хятад хэддээ баярлалаа гэж хэлцгээе. Харин дараа нь манайх хятадаар ярьдаггүй ээ, хятад бичиг хэргэлдгүй ээ, хятад цус үгүй ээ, гурил будаа жимс ногоогоо өөрсдөө тарьчихая, хувцасаа өөрсдөө оёчихоё, манай залуус өрлөгчин болсоон байшингаа өөрсдөө барьчихая баярлалаа баяртай...

тойв - тээртэй, дараатай

Wednesday, November 7, 2007

Домог

1400-д жилийн өмнө их хөлөгний шашин ихэд доройтож байж. Тэр үед нэгэн их номтой эмэгтэй лам их хөлөгний шашинг дэлгэрүүлэхийг ихэд хичээвч эм хүнийг дорд үздэг байсны учир үгийг нь тоож сонсдог хүн байдаггүй байж. Иймийн учир эмэгтэй энгийн амьдралд орж хүү төрүүлээд, лам болгон шашинаа дэлгэрүүлэхийг хүсчээ. Тэрбээр 2 хүү төрүүлж том хүүгээ Тогмэд бага хүүгээ Егнэн хэмээн нэр хайрлав. Том хүү нь их хөлгөний лам болж бага хүү нь бага хөлгөний лам болсон учир ахыгаа ихэд буруутгадаг байжээ. Тогмэд их хөлгөний шашинг дэлгэрүүлэхээр Майдар бурхантай нүүр тулан учирч ном сонсохын тулд агуйд 3 жилийн турш бясалгавч ямар нэгэн шинж илэрсэнгүйд шантарч агуйгаас гарах гэтэл үүдэнд нь нэг эмгэн бүдүүн урт цул төмрийг өвөр дээрээ тавин хөвөнгөөр арчиж байхтай таарчээ. Лам гайхан юу хийж байгааг нь асуутал эмгэн хариуд нь " би энэ төмрийг зүлгэж зүү хийх гэж байна " гэв. Тогмэд гайхан бодолд автан энэ өндөр настай хүн шантрахгүй байхад би иймхэн зүйлд шантарлаа хэмээн буцаж агуй руугаа орон шантрах зүйл их гарч байсан ч сэтгэлийн тэнхээгээр тэвчин дахин 9 жил бясалгав. Нийт 12 жил өнгөрсөн ч Майдар бурхантай эс уулзсан тул агуйгаас гарч явтал үүдэнд нь өтөнд идэгдсэн эм нохой хэвтэж байв гэнэ. Орхиж явах гэтэл нохой үхэх аюултай байсан учир нохойг ихэд өрөвдөн өтийг нь авч хаях гэтэл өт нь үхэх гээд байсан учир хоёууланг нь аврахаар шийдэж өтийг хэлээрээ түүн өөрийн маханд шилжүүлэх гэтэл нохой Майдар бурхан болон хувирч гэнэ. Би бээр танитай уулзахын тулд агуйд 10 гаруй жил суусан авч та надад харагдаагүй. Харин одоо яагаад харагдах болов хэмээн Майдар бурханаас асуутал " Би чиний хажууд оршисоор байсан авч чамд энэрэх нигүүлсэнгүй сэтгэл бага байсны учир намайг харж чадахгүй байсан юм " гэв. Тогмэд Майдар бурханыг мөрөн дээрээ суулган хүн олонтой газраар явсан ч хүмүүс Майдар бурханыг биш, ламыг өтсөн нохой үүрээд явж байна хэмээн харцгааж байлаа. Тогмэд Майдар бурханаас олон ном эрдэм суралцаж ихэд шамдсаны эцэст дээд хэмжээнд хүрэв. Түүнээс хойш Тогмэд их хөлгөний шашинг ихээр дэлгэрүүлсэн ба өөрийн дүүгээ ч их хөлгөнд татан оруулав. Тогмэд Егнэн хоёрын бичсэн олон ном одоог хүртэл байдаг ба лам нар гол болгон судалсаар суралцсаар байгаа билээ.

тулхи - болхи дорой

Нөлөө

Огторгуйд орчигч одон гариг (гараг) орчлонгийн амьдтанд сайн муугаар нөлөөлдгийн учир өдрийн сайныг өнжин хүлээн сарын сайныг саатан хүлээн байж амгалан жаргалан болох гэдэг өдөр толгой дээр сагсайж байсан харыг хяргуулав. Бага байхаас л үс засахад сайн өдөр гэдэгт итгэсээр, үр дагаврыг нь амссаар ирсэн билээ. Күэ энэ өрөвлөгт хүрэх өдөр хүртэл надад нөлөөлдөг сонин шүү. Нэг удаа эгчдээ хөтлүүлээд найз үсчин дээр нь очоод үсээ засуулах болов. Бага байсан юм өө...Харж харж хайчилж хайчилж үсчингийн уран бүтээл дуусахад би түүнд нь түмпэн гэдэг нэр өгөв. Муухай харагдаж байгааг мэдээд байж тэр 2 гоё байна гоё байна гээд цаанаа жиг жуг намайг шоолоод инээгээд байгаа байхгүй юу...Тэсгэлгүй шарандаа уйлчихаж билээ. Харин дараа нь цаг тооны бичиг сонирхоод сууж байтал үс авах сайн муу өдөр гээд байж байхгүй юу. Нөгөө уйлдаг өдрөө хартал нүд улайн (улцайн) бүрэлзэнэ гэсэн байсан. Тэрнээс хойш ахин хэд хэдэн удаа нүд улайн бүрэлзэнэ гэдэг өдөр үсээ засуулсан. Яаж ийж байгаад л уйлаад байдаг юм билээ. Бас саваагүй өнгө зүс доройтоно гэдэг өдөр олон ч удаа засуулж байсан. Нэгэнд нь ч үсчний газраас сэтгэл хангалуун гараагүй. Өшөө зөндөө л муу өдөр засуулж байсан. Одоо үр дагаврыг нь тоочоод ч яахав дээ. Муу мэдээ ирнэ гэдэг өдөр засуултал удалгүй алс холын аймгаас цахилгаан мэдээ ирж билээ. Түүнээс хойш л муу өдөр үсээ засуулдаг миний туршилт дууссан даа хөөрхий.
Хэсэгхэн газар л ургасан энэ хэдэн хялгасанд хүртэл огторгуйд оршигч одон гариг хүртэл нөлөөлдөг аргагүй л байгалийн өмнө бид хамагаа хянуулсан өчүүхэн тоосонцор юм даа.

жидүү - зэвүү, жидүү хүргэх

Sunday, November 4, 2007

Азаа захиалаарай !

Суух автобус мөн бололтой эмгэн зүтгэн оров. Арай гэж өндөр шатан дээр нь гишгэн дээш гаран анзаарвал хүнгүй сэлүүхэн авч сул суудал алга. Харж харж сууж байгаа зараа шиг үстэй залуугийн хажууд очоод наалдасхийгээд зогсчихлоо. Анзаарах шинж алга. Орчин тойрныхон ч анир чимээгүй... бодол болон цонхоор ширтэцгээнэ. Эмгэн жаал зогсож байгаад тэсэлгүй залуугийн цамцнаас татаад " ...эмээдээ суудал тавиад өгөөч ..." гэвэл "... та залуудаа суудал тавьж өгч байсан уу? ..." гэж хэлээд дургүй нь аргагүй бослоо... Эмгэн суух суудалтай болсонч суухад тийм ч тавтай бус байв. Автобусанд байгаа хүмүүсийн адил цонхоор ширтэн өнгөрсөн амьдралаа эрэгцүүлэн бодсоор...
Та хүнд үнэн сэтгэлээсээ тусалдаг уу? Тусалж байсан уу? ... Та бурханаас ямэр нэгэн юм хүсдэг үү? Ганданд очоод залбирахдаа юу гэж залбирдаг вэ ?
Дэлгүүрт үнэгүй юм байдаггүй. Юм авахын тулд мөнгө өгдөг. Үүнтэй адил энэ ертөнцөд үнэгүй зүйл үгүй билээ. Өглөг өгч байж л түүнээс юм авна. Энэ нь зөвхөн мөнгө биш чин сэтгэлээсээ бусдад туслахыг хэлээд байна. Хэн нэгэнд туслахад баярлалаа гэж хэлдэг. Талархсан сэтгэлээс маш сайн энерги ялгарч танд нөлөөлөх болно. Бие биедээ тусалж байгаарай зөвхөн өөрийнхөө ашиг тусын тулд биш сэтгэлээсээ...
Хэн нэгэн танаас арай л илүү азтай байгаад байх шиг санагдахгүй байна уу? Ёоо тэр аймар азтай зүгээр явж байхад нь мөнгө хийсч ирээд нүүрэн дээр нь наалдаад байхдаа яахав дээ. Уг явдал болохын өмнө цаадах чинь энэ азтай учирахын тулд ямар нэг юм хийсэн л гэсэн үг. Тэр урьд нь худалдагч илүү хариулт өгөхөд нь илүүг нь буцаагаад өгсөн байж болно шдээ. Ядаж л мөнгө олох үедээ тань шиг гэртээ pc-ний ард суугаагүй л байгаа биз дээ.

гүдэс - шулуун эршүүд, томоотой

Friday, November 2, 2007

пих пөх

Нэг онигоо байдгийн. Англи хэл англид төрөөд америкт очиж танхайраад энэтхэгт очиж үхэв гэж... Монгол хэл надаас арай хурдан хөгжөөд байгаа бололтой. Зарим нэг блогийг уншаад ахин дахин уншихгүй л бол ойлгохгүй боломдог оо. Ялангуяаа гадаад үгийг галиглаад биччихээр мань мэтийн ангаахай нь манан дунд орсон юм шиг л ийшээ ч нэг тийшээ ч нэг хэсэгтээ сарвалзах юм ...
Яадын ярьдгаараа бичж байгам чэн. Ардад ойлгогджл байвал хамаагүүшдэ. За тиймээ ти би бөөенхий хэлтэй т т т тэ тэ тэгээд дээрэн г г г гацаа. За би бол дэ хип хаап урлагт гүчин зүтгээд хип хаап хэллэг хэмлээрээ болоогоо хөтлөөд уджээн л да (гар сарвалзаастай) . Дэхээр байшдээ манай хип хаап болоогууд олноор төржийгад би их хаапи бийгааллдаа. Болоог гөтлөнө гэдэг чэн их учир жаагийтайхгүй юу дэ. Би нэг зүйл алрээди ойлогчодийгоох кү юу. Хүнд чэн нэгд нэгэнгүй дитайлчилж заажийхгүй бол юу бичцэнэн мэдэгдэхгү яахкэд байгаан мэдэгдэхгү богинхон болоогын раймууд бол нөө нийд бодход ч лээзи хүргээд байдаг аахгүй юу дэ. Тэр ангархай ч билүү дэлгэрхэй ч билүү тэр болоог бол яг тийм ядаргаатай богинохон юухгээд байгаан мэдэгдкүү байгаа байхгүй юу дэ. Болоог гөтлөх чэн ээмэр амарханшдээ. Жишээ нь байшдээ яг саак бичлэг бичкээд монитоорныхоо өмнө гөлийжийсэн чэн гавлан дахи нугас ч юмуу нус чэн мэдээгээ дамжуулхкү дураактаад байвал зүгээр л энгээд л биччихкү юу... За за би одоо клаб орж чик яаж таазаа хөдлөгхийг харахжээн лда... шэээк дайт аас (амандаа үглэв)...

Tuesday, October 30, 2007

Үйлийн үр (карма)

...Үйлийн үрээр... Ахин төрөв... Уйлав... Яагаад?... Асууж эхлэв... Хүн болов... Жаргалтай байв... Буян хийв... Хүнд туслав... Аав ээжээ асрав... Эхнэр... Хэнд хайртай вэ?... Хүнд дурлав... Хүнтэй нийлэв... Нүгэл хийв... Шоронд оров... Шүүх хурал... Гаргав... Буу... Анд явав... Архи уув... Зовлон эдлэв... Өлсөж цангав... Нэр хүндгүй болов... Хормойн дон тусав... Хулгай хийв... Ядуу айлын хүн болов... Үйлийн үрээр... Ахин төрөв...

Бяцхан хошигнол биччихлээ... Таны амьдрал иймэрхүү юм тохиолдож өнгөрсөн гэж бодъё л доо. Та дараагийнхаа амьдралыг мэдмээр байна уу? Тэгвэл сүүлээс нь буцаагаад унших хэрэгтэй.

Та үйлийн үр карма-г бишгүйдээ л олон сонсож байсан байх... Энэ насандаа ямар үйл хийнэ дараа насандаа үйлийнхээ үрийг буюу үйлдсэн үйлийнхээ шанг хүртэх болно. Дээрхи хэсэгт ямар л үг бичигдсэн буцаагаад уншихад заавал тэр үг дахин уншигдаж байна. Үүнтэй адил энэ насандаа ямар үйл хийсэн тань хаа нэг газар "бичигдэж" ирэх насандаа заавал үйлийн үрийг нь амсана гэсэн үг ...
Үйлийн үрийг өөрчлөнө гэдэг маш хэцүү гэдэг ба харин буян их хийснээр нимгэрдэг болой...

эрвэй - нэг алд

Monday, October 29, 2007

Гарчиггүй (лам)

Бурхан л бол бурхан. Зоосны нэг талыг зоос гэчихээд нөгөө талыг зоос биш гэж мэлзэх хэрэг юун...

Монголд лам байна уу? Хэдэн өвгөн лам нараас өөр лам байхгүй гэхэд хилсдэхгүй болсон. Юун тэр арван цагаан буян архи ууж тамхи татаж тэр бүү хэл хүүхэн шуухан гээд гүйж байх нь энүүхэнд. Тэдэнд номтой багш юу ч гэж хэлсэн тоох биш дээ. Арга ч үгүй нийгэмд ойр байдаг болохоор лам болж төлөвших нь хэцүү байх. 90-д оны эхэн үед нэлээн хэдэн хүүхэд, залуус энэтхэгт бурхны ном сурахаар явсан. Арав гаруй жил зөвхөн бурхны ном үзэцгээж , бараг хийдээсээ ч гарч үзээгүй жинхэнэ лам хүн ямар байх ёстой вэ тийм л хүмүүжилээр хүмүүжиж байна. Ганц үг солиход өөрийн эрхгүй хурц оюун ухааныг нь биширмээр. Тэд монголд байгаа лам нараас шал өөр. Байгаа байдал... хэлж байгаа үг... юун тэр архи тамхи, энгийн хувцас ч өмсдөггүй. Удахгүй тэд ном эрдмээ үзэж дуусгаад нэг сайхан суниах байлгүй. Тэр үед монголд буддын шашин жинхэнэ утгаараа хөгжиж , хүмүүс ч жинхэнэ утгаар нь шүтэх болно. Гэгээнтэн мэргэд 30-д оны үед монгол оюун ухааны төв болно гэж хэлцгээсэн. Лам нар ч ихээхэн үүрэг гүйцэтэх нь лавтай.

мэхрэх - эрүүгээ хөдөлгөх , чимээгүй инээх

Saturday, October 27, 2007

Дуу хөгжим

Тархи нь нейрон буюу эсээс бүрэлдэнэ. Эс бүр нь бусад эстэй холбоосууд үүсгэж, цахилгаан болон химийн мэдээлэл илгээдэг. Хүний тархи гэдэг нь тархины тухай тухайн хэсгээс гарах цахилгаан импульс бүхий бөөн бөөн хэлбэлзэл юм. Хүн хэлбэлзлийнхээ давтамжаас хамаарч өөр өөр төрлийн нот аялгуунд дуртай байдаг. Ихэнх хүмүүсийн давтамжинд нийцсэн хөг аялгуу нийтэд хит болох нь элбэг. Ихэнхдээ дээш доош болсон аялгуунууд хүний санаанд нийцдэг. Уртын дуу, хөөмийн, морин хуурын аялгууг сонсоод өөрийн эрхгүй нутаг ус нүдний өмнө жирэлздэг билээ. Энэ бол дуу авиа хэмээх хэлбэлзэл уураг тархины долгионд нөлөөлж байгаан тод илрэл. Түүнчлэн ямар хөгжим, аялгуу сонсож байгаа нь тухайн хүний тархины хөгжилд хамаардаг байна. Ялангуяа сонгодог хөгжим нь сонсож буй хүний хэлбэлзлийг сайжруулдаг. Заримдаа өглөө босонгуут л нэг ая толгойд орж, өдөржингөө аялагддаг. Энэ ая энерги нь шавхагдаж дуустлаа тархины долгионуудыг түр барьж саатуулдаг байна. Баруун зүүн тархины тэнцүү хөгжилтэй хүн гоц ухаантан байдаг. Ихэнх хүний зүүн тархи нь давуу хөгжилтэй байдаг ба баруун талыг удирддаг. Солгой хүний баруун тархи хөгжилтэй учир ихэвчлэн арай илүү ухаантай байх нь олонтаа. Логик сэтгэлгээ, сэтгэн бодох чадвар ба бидний сурч мэдсэн бүхэн нь зүүн тархийг хөгжүүлдэг бол бясалгал, дуу хөгжим нь хүний баруун тархийг хөгжүүлдэг. Миний зүгээс зөвлөхөд өдөрт ядаж нэг цаг дуу дуулж байгаарай.

могжийх
- идсэн юм зохихгүй дотор муухайрах


Friday, October 26, 2007

Йогын төрлүүд

Судар бичигт йогын олон төрөл замуудыг тайлбарлан бичсэн байдаг. Бүх гол мөрөн далайд цутгадагтай адил, йогын бүх төрөл өөрийгөө танин мэдэхүйд хөтөлнө. Таны аялал аль ч замаар эхэлсэн байж болох ч хүрэх газраа хүрч, өөрийн дотоод потенциалаа бүрэн дэлгэрүүлэхийн тулд энэ бүх чанарыг өөртөө агуулсан байх хэрэгтэй. Доор йогын үндсэн гэж нэрлэгдэх 5 төрлийг бичлээ.

1. Бхагти Йог: Чин бишрэлтний зам


Бурхны хайр хязгааргүй. Энэ нөхцөл шалтгаангүй агуу хайрыг мэдэрч, эргээд Бурханд барих хариу нь бишрэн хүндэтгэх юм. Бурхныг бишрэн шүтсэнээр дотоод ариуслыг мэдрэх нь хүний мэдэрч болох хамгийн нандин мэдрэмжүүдийн нэг. Бишрэн шүтэх гэдэг нь бурхны өмнө бууж өгөх, хүчин мөхөс байх гэсэн үг юм. Хайр болон талархалтайгаар бурханд үйлчлэх чин хүсэл. Чин бишрэлтэн хүн хаа сайгүй, хүн бүрийн дотор буй бурханлаг, тэнгэрлэг чанарыг олж харан эелдэг зөөлөн хүндэтгэлтэй харьцах төдийгүй тэр агуу бурханлаг чанарыг улам бүр хүсэмжилж байдаг. Бурханд зүрх сэтгэлээ өгч чадсан хүн зовлон бэрхшээл, айдас жихүүцэл, сэтгэлийн шаналгаанаас ангид байж чадах ба ямар нэг хэмжээ хязгааргүйгээр эрх чөлөөг мэдрэх хамгийн хялбар зам юм. Амин хувийн хүсэл шуналаа огоорон бусад хүмүүн бурхдын тусын тулд өөрийгөө зориулж чадах энэ замыг Бхагти йог буюу чин бишрэлтний зам гэнэ.

2. Карма Йог: Буяны зам


Буян гэдэг нь өөрийгөө мартан бусдад тусыг хүргэх, ямар нэг хариу нэхэлгүйгээр 100% өөрийгөө дайчлан бусдад үйлчлэхийг хэлнэ. Буяны зам нь чин бишрэлтний замтай их ойрхон, хайр бас хүндэтгэлгүйгээр бусдад өөрийгөө умартан байж туслах нь боломжгүй зүйл. Ямар нэг амин хувиа бодсон сэрэл өдөөгчгүйгээр, өөрийн тань тус хэрэгтэй буй нэгнийг харж тэвчилгүйгээр, хэзээ ч тусынхаа хариуг нэхэхгүйгээр өөрийн хүлээсэн үүргээ биелүүлэх болон сайн санааны үүднээс хэн бүхэн, юм бүхэнд гараа сунгаснаар сэтгэлийн ариусал, сэтгэл хангалуун дүүрэн байдлыг бий болгодог.

3. Гнана Йог: Мэдлэгийн зам


Бидний уншиж, сонсож мэдсэнээр бол Бурхан одоо ч байдаг, хүн бүрийн дотор бурханлаг чанар нуугдсан байдаг гэх боловч энэ амьдралын үнэн нь бидний харж чадах, хүртэж мэдэрч чадах хэмжигдэхүүнээс чанагши нуугдсан байдаг. Тиймээс ихэнх хүн үүнийг зүгээр нэг философи онол гэж үздэг. Мэдлэгийн зам гэдэг нь жинхэнэ өөрийнхөө тухай мэдлэгийг өөр дээрээ мэдэрч мэдэхийг хэлнэ. Энэ замаар явж буй хүн судар бичгүүдийг уншиж судлах, ухаантан мэргэдийн үгийг сонсохоос гадна тэр мэдлэгийг амьдралд нь туршлага болгон харуулж чадахуйц, өөрт ивээл өршөөлтэй хамт мэдлэгийг мэдрүүлж чадах багштай байдаг. Зөвхөн өөрөө уншиж, сонсож хураасан мэдлэг нь "Би үүнийг мэднэ" гэсэн өөрийгөө тоох түвшинд хүргэж болох төдийгүй энэ нь оюун санааны амьдрал дахь хамгийн том саад юм. Өөртөө мэдэрч мэдсэн мэдлэг нь хүний амьдралд чин бишрэл, гайхамшиг, хүч чадал, бууж өгөлтийг авчирдаг төдийгүй үнэн болоод гүн энэ мэдлэг бодит ба бодит бишийг ч ялган харуулна.

4. Аштанга Йог: Оюуны сахилын зам


Сэтгэл цаг үргэлж ямар нэг үйлдэл хийж байдаг ч ихэнхийг нь бид анзаарч мэддэг ч үгүй. Ажиглаж мэдрэхгүй үйлдлүүд сэтгэлд тань хэдий чинээ их байна , төдий чинээ сэтгэл бараан үүлээр бүрхэгдсэн байдаг. Өөрийгөө ажиглах чадвар нэмэгдсэнээр сэтгэл тайвширч амгалан болно. Тайван тогтуун байгаа сэтгэл гаднаас юмсыг тунгалаг чигээр нь хүлээн авна, элдэв айдас, шаналгаанаас хол байж чадна. Бие, сэтгэл, сүнсийг цэвэр ариун, хүч чадалтай байлгахын тулд сахих ёстой 8 сахилын тухай эртний гэгээнтэн Патанжали хэлсэн байдаг ба энэ нь оюуны сахилын зам болон үлдсэн. Хүн амьдралынхаа бүхий л хугацаанд доорх 8 сахилыг ээлжлэн сахих хэрэгтэй гэжээ.

1. Яамас: Нийгмийн сахил
а. Ахимса - үг, үйлдэл, бодлоороо бусдад хүч хэрэглэхгүй байх
б. Сатъяам - үг, үйлдэл, зорилгодоо үнэн ч байх
в. Астэяа - хулгай хийхгүй байх
г. Брамачарьяа - хоёр утгатай *Бурхныг бүрэн үгүйсгэж үзэн ядахгүй байх *Хүрьцалд хэт шунахгүй байх ( таашаалд хэт донтохгүй хязгаарлаж сурах)
д. Апариграха - хэрэгцээгүй зүйлсэд шунан хураахгүй байх, бусдын эдэнд сэтгэл хорогдохгүй байх

2. Нияамас: Хувийн сахил
а. Сауча - бие, сэтгэлийг цэвэр ариун байлгах
б. Сантоша - сэтгэл хангалуун, баяр хөөртэй байх
в. Тапас - хувийн дэглэмийг сахих
г. Свадхаяаяа - өөрийгөө таниж мэдэхь өөрийгөө үгүйсгэхгүй байх
д. Ишварапранидхана - Бурханд бууж өгөх, магтан дуулах

3. Асанас: байрлалууд буюу биеэр хийх дасгалууд

4. Пранаяамас: тодорхой нэг амьсгалын дасгалуудаар амьдралыг тэтгэгч энергийн эргэлтийг тэгшитгэх

5. Пратаяахара: 5 мэдэрхүйгээ дотогш чиглүүлэх

6. Дхарана: нэгэн цэгт анхаарлаа төвлөрүүлэх

7. Дхаяана: бясалгах

8. Самадхи: өөртэйгөө нэгдэх, ухамсрын дээд түвшинд хүрэх

5. Хатха Йог: Махан биеийн зам


Махан биеийн зам буюу Хатха йог нь хамгийн их танигдсан, хэрэглэгддэг зам ба өөртөө Аштанга йогын зарим элэментийг агуулдаг. Биеэр хийх дасгалууд, амьсгалын дасгал болон бясалгал багтана.


(үргэлжлэл бий...)

Thursday, October 25, 2007

Монголчууд ямар олуулаа юм бэ?

Монгол ямар жижкэн юм бэ гэж танилын танилтай тааралдвал хэлнээ. Газрын зураг дээр нэрийг нь ч бичиж багтaдгүй улсуудыг бодвол монгол ч үлэмж том л доо (дэлхийд 19-т орно). Харин монголчууд ямар цөөхүүлхэнээ (139-т) юм бэ гэвэл арай л өөр, дээр байх . Дээр үед монголчуудын дунд шонгүй гэсэн хэллэг тархсан юм гэдэг. Түүний үр дүнд бүх сүм хийдийн шон үгүй болсон юм байх. Дээхэн үед шатах гэсэн үг бас газар авсан. Үр дүнд нь уул талаа үнсээр хучсан юм шиг. Одоо бүх юм ягшдээ, лайтай болчоод байдаг. Эвий муу монголынхоо газрын зургийг хараад байгаарай. Яагаад заавал ийм хэвтээ хэлбэртэй, яагаад босоо хэлбэртэй байж болоогүй юм болоо...Оросууд шулуухан юм болохоор цөмрөөд ороод ирцэн юм шиг , хятадууд санаархаад тойроод идээд байгаа юм шиг ер нь л эвгүй хэлбэртэй харагдаж байгаа биз. Одоо цаадуул чинь тойрч биш дотроос нь дэлгэрч идэх гэж байгаа юм биш үү. Дэлгэсэн тэрлэг биш дэлгэрсэн сармис гэдэг дуу гарахгүй юм байх даа.

шонгүй - 1. горигүй 2. бусдын үгэнд хариу хэлж чадахгүй 3. нохой огт хуцахгүй байх

Tuesday, October 23, 2007

Миний үлгэр

Ширэнгэн ойд нэгэн тоть амьдардаг байжээ. Нэг удаа түймэр гарч салхи хүчтэй салхилж ширэнгэн ой тэр чигээрээ галд автаж, түймэр дүрэлзэв. Их галд шахагдаж түрэгдсэн ан амьтад чарлах нь чарлаж хашгирах нь хашгирна. Тоть шувуу ан амьтадыг аврахын тулд холгүй бус цөөрөм рүү нисэн жигүүрээ норгон буцаад агаарт хөөрч түймэр дээгүүр нисч далавчаа сэгсэрч ус цацав. Ядарч цуцахаа үл мэдэн ширэнгэ, цөөрөм хоёрын хооронд ниссээр байлаа...

Monday, October 22, 2007

Mobiola WebCam

Кармандаа Symbian OS9.1 -ийн утастай, pc-ндээ webcam байдаггүй бол энэ програмийг татаж аваад утас, комьпютер 2-тоо суулгаад утасныхаа камерийг webcam болгон ашиглаж болох л юм.
татах

Nokia E60, E61, E70, 3250, N71, N80, N91, N92, N70, N90,3250
SonyEricson P1i, P990i

Sunday, October 21, 2007

Донтох (addict)

(addict гэдгийг яг нарийн орчуулж чадсангүй, хичээсэнчгүй)
Хамгийн их донтдог зүйлсийн тухай жагсаах гэж оролдвоо хөөрхий...

1 - Кофе
Нээрээ л донтцон хүмүүс байдаг шд.. Уухгүй л бол болохгүй хавчиганаад байдаг... Сониноос коке -нд (coca cola) орчихсон хүн ч бас нэлээдгүй байдаг юм билээ .

2 - Мөрийтэй тоглоом
Казино-д орлоо гарлаа... орлоо...............................гарлаа. орлоо ....................................................................... хөөрхийдөө сайн хүн байсын .......

3 - Өөрийн мэдэлгүй дэлгүүр хэсэх
Хүүхнүүд бараг бүгдээрээ дуртай шдээ. Зоосгүй байсанч зүгээр л хэсдэг...

4 - Интэрнэт
Хаха та энэ бичлэгийг уншиж байгаа бол тэдний нэгэнд орж байгаа хэрэг... Ялангуяа блогчид бол нэлээн гүнзгийд орох байх шүү...

5 - Идэх юм
Өлсөөгүй байж чипс идмээр санагдаад байн уу?

6 - Секс
Хүүхэд хаанаас ирдэг юм бэ? гэж хүүхэд асуувал шууд "сээксдээд" гээд хэлчих. Араас нь ахийд юм асуувал "дон" гээл болох нь байна шдээ... хохо

7 - Согтууруулах ундаа
Би энэ зүйлийн талаар мэдлэггүй уучлаарай..

8 - Heroin \
9 - Marijuana -- тамхи ба хүнд гарууд...
10 - Nicotine /

Эрхэм хүндэт уншигчидаас эдгээр 10-с 50%-н үзүүлттэй хүн бараг 100% байгаа гэдэгт итгэлтэй байнаа ... Үгүй бол та худалч юм байна...

зор - аз, зол

Sunday, October 14, 2007

Энэтхэг (зураг)

(Чанар муутай зураг байгаад хүлцэл өчье!)

Үүнийг auto гэнээ. Өөрсдөө бол оотоо гээд л байдаг юм би ч бас оотоо л гэдэг. За энэнгүйгээр бол энэтхэгийг төсөөлөхгүй юм шиг байгаамаа. Манай такси-ных шиг үйлчилгээг үзүүлдэг. Ардаа 3 хүн суух суудалтай урдаа жолооч нь суудаг 3-н дугуйт. Гэхдээ томхон биетэй 3 хүн багатахгүй. Далай багшийн номонд суух гэж ирсэн бөхчүүд 3-лаад суусан чинь 2 тийшээ цухуйгаад машин шүргэчих гээд хэцүү байсан гэсэн.

Оотоо бол эндээ витамин С асгасан юм шиг харагддаг. Хот хотоороо өөр өөр өнгөтэй байдаг. Бангалоре-нх лав шар.


Манайд бол музейд л байдаг байх. Харин энд иймэрхүү зүйлүүд гудамжинд л байж байдаг юм байна лээ. 20 сая жилийн настай мод.

Дээрхи модны тайлбар.

Энэ Хинду шашны сүм руу ороход байдаг. Нэг тарни уншаад л нэг чулуунаас нөгөө рүү алхана. Мэдэхгүй байсан ч хамаагүй ороход чинь тарни бичсэн цаас өгөөд чанга яригчтай цуг бүх хүн зэрэг уншаад урагшаа нэг алхана. Нийт 108 гишгүүр буюу 108 удаа тарни уншчихаад орно гэсэн үг. Элдэв бодол сэтгэлийг нь ариусгах зорилготой юм шиг байгаа юм. good idea!


Энд золбин нохой, сармагчинаас их юм байхгүй. Сармагчин илүү аюултай. Хүнээс айдаггүй, зүгээр л байрны цонхон дээгүүр гүйж байх нь хэвийн үзэгдэл.
(үргэлжлэл бий...)

цэн - ойролцоогоор 4 грамм
лан - 10 цэн 37,3 грамм

Saturday, October 13, 2007

Зуд

Тээр нэгэн луу жилийн зуднаар бүтэн өвөл бантан идэж он гаргасан юм. Хичнээн нөмөр газар өвөлжиж байсан ч ганц шөнийн дотор шуурсан цас гэрийн ханын толгой давсан байдаг байлаа. Тийм шөнө хэдэн мал хотондоо осгож байсныг балчирхан би хуруугаа даран тооллоо ч яахан мэдэх билээ. Жалга орж болохгүй шүү гэж хэлсэн ч сониуч зандаа хөтлөгдөөд гүйгээд очтол үхсэн малын сэгээр дүүрсэн байв. Хүн байтугай морь ч явахааргүй цасанд хоригдоод бригадын төв орж чадахгүй хүнсгүй хэдэн сар яаж тэссэнийг мэдэхгүй. Хаанаас олсон юм бүү мэд сонин хальстай будааг нүдэж гурил шиг цагаан болгож тогоонд хийж хуураад цайгаар зуурч иддэг байсныг санадаг. Хэн нэгнээс шувууны мах гоё гэж сонсоод сэгэн дээр цуглардаг шувууг хэдэн өдөр хөөцөлдөн байж чулуудаж унагаад шөл хийж уунаа гээд хадгалж байтал хүдэр (нохой) олоод идэхэд нь их л гомдож байлаа. Сахилгагүй байсан би хадан дээрээс хэр хол чулуу шидэхээ үзэж дөнгөж төрсөн ишигний дагзан дунд онож орхив. Хөөрхий ишиг тэрийж унаад татганахад нь тэвэрч аваад гэртээ орууллаа. Яагаад ингэв юу болов гээд хүн болгон л сандралдаж авдрын ёроолыг ухаж амь тариа гарган ишигний судсанд тарьсанч амь оруулж чадаагүй. Тэр үед ишигийг, ишигэнд тариа тариад горьдонгуй харцаар харж байсан буурал аавыгаа хараад ямар их өрөвдөж, ямар их өөрийгөө зүхэв дээ.
Зудаа гэж хичнээн бэлтгэлтэй байсан ч яалтачгүй хийсч ирдэг л зовлон юм даа.

мөлжмөлт - 1. бусдаас хонжин ашиглаач хүн 2. шооч хүн

Йог гэж юу вэ?

“Цэцгийн цоморлигтой адилаар хүмүүний амьдрал ч бас дэлбээлж цэцэглэх боломжтой. Хүний чадамж бүрэн цоморлигоо нээн дэлбээлэхийг йог гэнэ.”
Шри Шри Рави Шанкар

“Сэтгэл дахь бодлын давалгааг багасгах нь йог юм.”
Патанжали Йог Судар

“Сэтгэлийн амар амгаланг йог гэнэ. Аливаад идэвхи зүтгэлтэй, шунаг атаач санаагүй, амжилт болон уналтад амар амгалан байдлаа хадгалж чадах чадвар нь йог юм.”
Бхагват Гийта




Хүн гэдэг байгаль эхээс аз жаргал хүсэх хүсэлтэйгээ төрдөг гэж хэлж болно. Эртний мэргэд, гэгээнтнүүд амьдралын тухай үнэнийг хайн даяанчилж, тунгаан бясалгасаар эрүүл чийрэг, аз жаргалтай илүү утга учиртай амьдралаар амьдарч болох нууцыг тайлсан ухамсрын түвшинд хүрч чаджээ. Тэд энэ нууц бөгөөд ариун мэдлэгээ "Йог" гэж нэглэсэн байна.

"Йог" гэдэг нь "Yuj" гэсэн санскрит үгнээс гаралтай бөгөөд нэгдэл гэсэн утгатай үг юм. Хувь хүний оршихуй ертөнцийн оршихуйтай нэгдэх нэгдэл. Йогын мэдлэг хамгийн анх Шива бурханаас эхнэр Парвадид (сансрын энерги буюу Шакти ч гэж нэрлэдэг) уламжлагдсан юм.


Йог нь Хинду шашны гэгээнтнээс гаралтай боловч бүхий л шашин болон соёлд түгсэн байдаг. Шинжлэх ухааны ч бай, оюун санааны ч бай аливаа мэдлэг нь бүх ертөнцөд адил үйлчилнэ. Жишээ нь таталцлын хуулийг барууны эрдэмтэн Исаак Ньютон нээсэн ч энэ хууль бүх ертөнцөд үйлчилдэг. Дорны хүмүүс телевиз болон телефон утас нь зөвхөн баруунд зохион бүтээгдсэн учираас хэрэглэхгүй гэвэл тэнэг хэрэг. Үүнтэй адилаар зөвхөн Хиндуизмээс гаралтай учир йогыг амьдралдаа хэрэглэхгүй гэх нь өчүүхэн дотортой, богино ухаантай хүний хэлэх үг бизээ. Хэдэн мянган жилийн турш йог маш гайхамшигтай үр ашиг өгсөөр ирсэн.

Йог нь зөвхөн биеийн дасгалаар хязгаарлахдах ойлголт биш, бие сэтгэл болон оюуны амар амгаланд хөтлөх зам юм. Йог бол эрүүл саруул, баяр баясгалан, аз жаргалтай, илүү их амар амгалан амьдрахад сургасан эртний мэдлэг ба өөрийгөө таньж мэдэх, дотоод ертөнцтэй тань нэгтгэхэд хөтлөх болно.

(үргэлжлэл бий...)

Thursday, October 11, 2007

Монголоос хамгийн их ордог site-ууд

1. Yahoo! мэдээж энэ чинь yahoo шүү дээ.
2. Hi5 хэн интэрнэт ордог вэ? залуус... юу хийдэг вэ? сайн уу 5-ддаг...яагаад вэ? хийх юм олдодгүй юм... хаха худлаа худлаа...бурхан минь yahoo-н дээр гишгэчихээгүй нь яаамай.
3. google.mn ... ээм ээн шдээ...
4. Olloo.mn монголын сайтнуудаас хамгийн их хүн ордог нь гэх үү дээ...
5. Caak.mn ганц юм ойлгодоггүй юм... тэр хүмүүсийн зураг зөвшөөрөлгүй тавьчдын... сайхан л байдаг байх даа.
6. Gogo.mn
7. Banjig.net
8. Google.com
9. YouTube
10. Xopom.com

Манай blogger.com 22-т тууж явна лээ. Гүү яахав дээ... Удахгүй 2-т орох юм чинь дээ тэ...
Мэдээллийг дааблуу дааблуу дааблуу цэг alexa цэг ком-с авав...

Үүнээс хойш англи мангли маяглаж байснаас монголоороо л байхаар шийдлээ... !

Хөхөөтэй цаг юу гэв?
авьсан - ах дүүсийн эхнэрүүд харилцан бие биенээ ингэж дуудна.

Tuesday, October 9, 2007

visa-free mongolia

Энгийн пасспорт эзэмшигчид эдгээр улсууд руу визгүйгээр зорчиж болно.

1. Хятад
2. Хонг Конг - 14 хоног түүнээс дээ
3. Израйль - 30 хоног
4. Малайз - 30 хоног
5. Казакстан - 90 хоног
6. Пилиппин - 21 хоног
7. Сингапур - 14 хоног
8. Лаос - 90 хоног
9. Хойд солонгос
10. Югслав - 90 хоног
11. Куба - 30 хоног

diplomatic ба official паспорттой бол

1. Bulgaria
2. Czech - 90 хоног
3. Hungary - 30 хоног
4. Mexico - 90
5. Republic of Korea - 30 хоног
6. Romania
7. Russia - 90 хоног
8. Slovakia - 90 хоног
9. Thailand - 30 хоног
10. Turkey - 30 хоног
11. Vietnam - 90 хоног

Ижил мэдээ
Элчин сайдын яам
Almaty, Ankara, Bangkok, Berlin, Beijing, Brussels, Budapest, Cairo, Warsaw, Washington, D.C., Vienna, Vientiane, Havana, Delhi, London, Moscow, Ottawa, Paris, Prague, Pyongyang, Seoul, Sofia, Tokyo, Hanoi, Singapore
Консул
Afghanistan, Bulgaria, China, Cuba, Czech Republic, DPRK, Hungary, Laos, Romania, Russia, United Kingdom, USA, Vietnam, Yugoslavia.

A1 - хамгийн сайн

Wednesday, October 3, 2007

Монгол шилдэг 10-т

Зарим нэг юмаар монгол улс минь дэлхийн шилдэг 10-т орсон нь

Улаан хоолойн хавдар
1. China 2. Kazakhstan 3. United Kingdom 4. Mongolia 5. Fiji 6. Japan 7. Turkmenistan 8. Sri Lanka 9. France 10.Iran

Элэгний хавдар
1 . Mongolia 2 . Mozambique 3 . Japan 4 . Korea, South 5 . Korea, North 6 . China 7 . Thailand 8 . Gambia 9 . Italy 10 . Greece

Хамгийн их тэмээтэй
1. Sudan 3,200,000 2.Mauritania 1,292,000 3.India 900,000 4.Kenya 830,000 5.Pakistan 800,000 6.Chad 730,000 7. Mali 470,000 8.Niger 420,000 9.Ethiopia 326,500 10.Mongolia 275,000

Хуурай газрын хувь
1. Kazakhstan 2.Mongolia 3. Chad 4 .Niger 5 .Mali 6 .Ethiopia 7 .Bolivia 8 .Zambia
9 .Afghanistan 10. Central African Republic

Үзэх ёстой газрууд 2006
10. Mozambique 9. Equador 8. China 7. Thailand 6. South Africa 5. India 4. Botswana
3. Mongolia 2. Argentina 1. Croatia

finger in the pie - ямар нэгэн сонирхолтой зүйлд автах

Monday, October 1, 2007

Монголын хүн амын статистик

Хүн ам 2,951,786 (2007 7-н сар)

Насны хувь
0-14 нас 28,7 % (эрэгтэй 432,309 / эмэгтэй 415,382)
15-64 нас 67,4 % (эрэгтэй 994,186 / эмэгтэй 995,986)
65 - с дээш нас 3,9 % (эрэгтэй 49,517 / эмэгтэй 64,406) (2007)

Дундаж нас
24,6 эр 24,2 / эм 24,9 (2007)

Хүн амын өсөлт
1,486 % (2007)

Хүйсийн харьцаа
төрөхөд : 1,05 эр/эм
15 хүртэлх нас : 0,998 эр/эм
15-64 нас : 0,998 эр/эм
65 наснаас дээш :0,769 эр/эм
бүх хүн амын : 1 эр/эм

Бусад мэдээлэл

Сонирхуулахад та хэд наслахаа энэхүү (энд дар) funny гэмээр сонжоогоор сонжоод үзээрэй! Ламын хэлсэн настай таараад байна гээд цаагуур чинь шуугиад байна лээ гэж...

paper tiger - улс, нийгэмлэгийн чадалтай харагддаг хүн гэвч үнэн хэрэг дээрээ тийм биш

Үг

Гэрийн хойморт халзан толгойт улаан өмсгөлт бувар бувар хэмээн дамар эргүүлж домбор домбор дуугаргаал ... Баргар царайтнууд алгаа нийлүүлэн чухал царайлан сууцгаагаад л ... Хоймроос таван мэдрэхүй тойрсон дулаан долгион цацраад, хажуу хавийн хүн бүрхсэн хүйтэн тойргуудыг уусгаад л ...
Харин хөрш айлд хэдэн арзгар үст хоёр үгний дунд хараал хавчуулан хорвоог хэмжинэ. Хүн бүрхсэн хүйтэн бүрхүүл хүрээгээ тэлсээр...
Сайн байн уу сонин сайхан юу байна тарган тавлаг уу гэж мэндэлж баяртай гэж хэлж салах хэрэг юун. Муу юм алга уу ? гэсэн нь шулуун.
Тэнд халзан толгойт юу гээд байна? Утгачилж орчуулъя. Сайн сайхан баялаг баяртай баясгалантай азтай жаргалтай ...... болтугай хумаа хум гэж... Үүнийг л мянга түмэн удаа давтан давтан уншаад байна. Арзгар үст харин юу гэдэг билээ.
Нэг үгийг 1000 хэлвэл үнэн болно, монголчууд амныхаа билгээрээ гэж...

hard up - мөнгөгүй байх

Thursday, September 20, 2007

Чат

Толгой эргэм байшинд зүүгдэж , нисдэг хивсээр нисэнгээ эсрэг (эерэг) хүйснийхээ хүнтэй элдвийг чалчиж жаал цэнгэв. Хаанаас нь ч харсан өндөг шиг өөгүй хүн гуайтай хаанаас ч харсан Ө шиг өөгүй би учраа олж хужираа тунгааж байнаа. Завтай хүний ажил юм аа... А гэхдээ...
Бүртгүүлээд , бөглөөд , татаад , суулгаад , нэвтэр!
3D, гадаад төрхөө хүссэнээрээ өөрчлөх боломжтой, хүссэн өрөө хүссэн газраа очих боломжтой, хүссэн хүнээ хайж ... олох боложтой (уур хүрвэл зодсон ч болно) хүссэн хөдөлгөөнөө хий... хүс хүс хүс хүс хүс ... Илүү хүсээд яахав дээ.

land of nod - нам унтсан

Tuesday, September 11, 2007

Санскрит

Бүх хэлний эх ба эртний хэл, дээдсийн хэл бүр бурханы хэл гэжүүгаа. Тиймдээ ч энэ хэлийг хэн мэддэг вэ ? гэхээр дандаа том том лам нар, гэгээрсэн хүмүүс ... Тэд ч сурахаас ч өөр аргагүй юм. Эртний судрууд ихэнхдээ санскрит хэл дээр бичигдсэн байдаг... Бурхан энэ хэлээр ярьдаг юм чинь цаадуул чинь өөрийнх хэлээр ярихаар арай л өөрөөр ханддаг биз. (Хэхэ гэчий ) Тэр ч магадгүй юм буддын шашны лүүжин тавидаг буюу бурхантай "яридаг" хүн санскрит хэлээр мэдээлэл авдаг гэсэн шүү. Зарим эх сурвалжаас үзвэл манай соёл иргэншилээс өмнөх соёл иргэншлийнхэн (атлант, лемур) энэ хэлээр харьцдаг байсан гэж тэмдэглэжээ.
Санскрит гэдэг нь цэвэр ариун нандин гэхээ больё "соёлтой" гэсэн монгол үгтэй дүйцүүлэхүйц утгатай үг юм. Энэтхэгийн албан ёсны 22 хэлний (23 ч гэдэг) нэгэнд огдог гэдэг ч энэтхэгүүд хэдэн хэлээ хооронд нь холиж хутгаж ярих нь элбэг учраас цэвэр санскрит хэл мэддэг хүн олдох нь ховор биз ээ. Эртний санскрит хэлний дүрэм Pāṇini МЭ V зуунд боловсруулагдаж байсанч XIX зуунаас ихэнхдээ Devanāgarī цагаан толгойн үсгүүдээр бичигдэх болжээ.

elbow room - бөгс эргэх зайгүй

Saturday, September 8, 2007

Иог

Иог бол ... гээд яг онож хэлсэн тодорхойлолт олох гээд сачий хүрсэнгүй. Угаасаа байхгүй, байсан ч маш олон тодорхойлолт гарч ирэх эсвэл нэлээн урт болох нь лавтай. Ямартай ч бясалгал, сэтгэлээ удирдах,оюун санааг хөгжүүлэх, дасгал гэх зэрэг олон зүйлийг өөртөө багатаасан гүн гүнзгий ойлголт юм. Энэ зурагнууд иогийн нэг хэлбэр дасгалууд, байрлалууд . Иог хийснээр бие болоод сэтгэл эрүүл саруул болох учиртай. Хамаагүй дуурайж саваагүйтэж нуруу нугасаа гэмтээв!
Энэ чинь их нарийн дэс дараа дэг журмаар хийдэг. Жишээлэхэд л амьсгалаа хаана авах хаана нь гаргах, хаана түгжих, урт богино гүнзгий ямар амьсгал авах, биеийнхээ аль булчинг чангалах , аль хэсгийн булчинд ачаалал өгөх гээд л...Эд эрхтэний болоод эсийн түвшинд яригддаг асуудал гэж байгаам.Хөл гараа хэдэн тийш нь сарвайлгахад юу л болов гэж бодож байж магадгүй. Та зүгээр л иогийн хичээлд суугаад үзээрэй! Сууж үзсэн нь сэтгэгдэлээ үлдээгээд үзээрэй!

beemer - B.M.W машин




Thursday, September 6, 2007

Шибуяа 渋谷区


Токио-н Шибуяа-д дандаа бурхан өмссөн чөтгөрүүд явдын. Хар л даа. Өглөө босоод хувцсан дундаасаа нүдээ аниж байгаад тааралдсаныг нь татаж аваад өмссий. Яады...

once in blue moon - ерөөсөө хийдгүй юмаа хийх үе




Wednesday, September 5, 2007

Хаана амьдрах вэ?

Хэсч явлаа.Арван хуруугаараа аалз шиг кэйбоардан дээгүүрээ гүйж байнаа. Гүй ээ байз байз сая би нэг юм харах шиг боллоо. Амьдрахад хамгийн тохиромжтой 10-н газар гэн үү? За энүүгээр чинь нэг ороод гардаг хэрэг ээ. Манай улс байж магадгүй шдээ.

10. Netherlands
9. Switzerland
8. United States
7. Japan
6. Canada
5. Sweden
4. Ireland
3. Australia
2. Iceland
1. Norway

Алга шив дээ. Манайх чинь амьдрахад сайхан газар мэд үү. Хэн энийг мэдээд жагсаачихваа, хэрүүл хийхээр Гүүгли ах руу гүйгээд орвоо.
За миний дүү сонс. Энэ чинь хүний хөгжлийн индексээс хамааралтай жагсаалт. Энэ нь тухайн улсын хүн амын наслалт , бичиг үсэг тайлагдсан байдал , боловсрол , амжиргааны түвшин зэргийг харицуулж тоон утгаар илэрхийнэ...Бла бла бла бла...
Би лав Щвецари-д амьдарнаа. За болъё болъё Канад ... Зооз ...


zip it - амаа тат

Saturday, September 1, 2007

Хуушуур Хонг Конг-д

Энэтхэг гэгч хайруулын тавганд шарагдаж шарагдаж, тоосонд нь дарагдаж дарагдаж шороотой хуушуур Хонг Конг-д бууваа. Чонын амнаас барын аманд гэгчээр хөөрхий хуушуур хайруулын тавагнаас жигнүүр лүү уначих нь тэрээ.Жигнүүрэн дотроо хямдыг нь хайж хайж оготны нүх шиг өрөөнд чумдаантайгаа ороод дүүргэчихэв. Хонг Конг гэж кингконг явахааргүй шигүү, харин хүн аалзад тохиромжтой өндөр өндөр барилгууд тэнгэр өөд тэмүүлэх юм. Энд ч мэлхий айсандаа тэнгэр лүү харах хэрэггүй тэртээ тэргүй тэнгэр унасанч тулахаар юм аа. Тэрэн дундуур хүн гэгч нь үертэй ус шиг шар хар цагаанаараа холилдон ширүүхэн урсацгаана. Хуушуур дунд нь орж урссаар нэгэн хаалга руу орчихвоо. Энд олон төрлийн даавуунууд олон төрлийн ухаанаар зурагдаж оёдолчиноор оёуулаад брэнд гэдэг нэрээ дээрээ хадууласан царайлаг царайлаг хувцаснууд өлгөгдсөн байхын. Ярликийн (label) харвал харьцангуй бага тоо бичээстэй калкулэтддэж үзвэл үнэхээр хямд юм аа. Хаа ч очсон хүмүүс нь олон улсын хэлээр ярьж байсан учир газрын зураг байхад л хүссэн бүхнээ хийж чадаж байв. Хэсч хэсч жигнэгдэж жигнэгдэж манай хуушуур бууз болоод монголын зүг гэлдэрвээ.

AWOL - absent without official leave хэлэлгүйгээр зөвшөөрөлгүйгээр гарч явах

Psytrance


Зээ би нэгэн сайн эр болж нэг минутанд 145-н цохилт хийе ээ. Тип тап тип тап типи тапи типи тапт дан дандарарара пүс пас... Дуусаа... 90-д оны эхээр Psytrance (Psychedelic) нь Гоа трансаас салбарлан хөгжиж ирсэн энэ урсгалд би хайр зарлаад их удаж байнаа. Бусад транс урсгалаа бодвол илүү хурдан хэмнэлтэй (140 - 150 BPM (Beat per min)) жинхэнэ фридом, сонсмогцоо дурлахгүй байхын аргагүй... Харин Буд гэгч монгол залуу энэ урсгалыг харин ч нэг жаргаасан байна лээ дээ. За олон юм нуршаад яахав зүгээр л сонсож амьдрая.

Average Joe - энгийн нэгэн

Thursday, August 30, 2007

Монголын нэг өдөр

Хөдөөгийн байдал шалдар булдар гээд л ... Энэ бол Д. Нацагдорж гуайн төрсөн нутаг..Гэхдээ энэ зурагнууд түүнтэй огт хамааралгүй шүү!
Энэ бүхэн зүгээр л энгийн үзэгдлүүдийн нэг байх л даа. Гэхдээ надад их сонин санагдсан учраас энэ зургуудыг дарсан юм. Тухайн үедээ зураг дарах боломж юу л байна түүнийг ээ л ашиглаж дүрс буулгав.
Эр хүний жаргал эзгүй хээр гэж ёстой л үнэн үг санагдсан шүү. Нам гүм анир чимээгүй, цэнгэг агаар, цэлмэг тэнгэрийн олон оддыг харж хэвтээд л...Өглөө нь шувуу жиргээд, өвсөнд шүүдэр буугаад наранд гялтганаад л, тэрүүгээр би гутлынхаа хоншоорыг нортол зам татуулан алхан өнөөх нарны өөдөөс харж суниагаад л...Өдөр болонгуут айраг уусан шигээ хорхог зулгаагаад л...Энэ жаргал биш гэж үү?

all in your head - төсөөлснөөс чинь өөр...



Хувь заяаныхаа эрэлд...

Wednesday, June 20, 2007

Ээж охин хоёрын Энэтхэгт ирсэн нэг зорилго бол Насик явж ирэх богинохон хэмжээний аялал байлаа. Бангалоре хотоос нь 20-н цаг гал тэргээр, 6-н цаг автобусаар хүрч очдог жижэгхэн хотхон. Гэтэл явах өдрийн өмнөх өдөр ямар гай таарсаныг мэдэхгүй ээж нь халтирч унаад хөлөө хугалчихлаа. Охин яаж ганцаараа явж буцаж ирэхэв дээ би гэгч хүн хань болоод явж ирэхээр шийдвэрлэв. Энэтхэг болсон хойно ямар л олигтой байхав жаахан ядраад очих ёстой газраа ирлээ. Энэ газрын ид шид нь хурууны хээгээр хүний хувь заяаг тодорхойлж өгөх буюу бичигдсэн хувь заяаг уншиж өгдөг гэнэ. Зорьж ирсэн шалтгаан ч энэ. Миний хувьд хувь заяаныхаа зургийг мэдэх биш хань болох гэдэг зорилготой байлаа. Тэглээ ч хувь заяа байдаг гэдэгт итгэдэггүй юм чинь дээ хүмүүсийн ирээдүйг юу гэж хэлэхийг нь сонсоод инээхдээ бэлдэж байв.
...Долоон мянган жилийн тэртээ нэгэн их гэгээнтэн (Шива бурхан) эхнэртээ захиж, эртний тамил хэлээр навчин дээр бичсэн (миний харахын маш хөнгөн сийлсэн ) судар байлаа.Үүнийг уншдаг хүн энэтхэгт 7хон байдаг гэнэ. Навч болгон дээр нэг юмуу хоёр хүний хувь заяа бичигдээстэй байгаа. Гагцхүү өөрийнх нь навч олдох үгүй, байх байхгүй гэдэг дээр байв. Яг адилхан хурууны хээтэй хүн 200 - 300 хүн төрдөг учир тэдэн дундаас хайх хэрэгтэй гэж би ойлголоо. Эхний 2 хүн хурууныхаа хээг дарж өгөөд дуу алдацгаан гарч ирэв. Миний навч байна, миний нэр,төрсөн он сар, эхнэр хүүхэд хүртэл навчин дээр бичээстэй байна гэцгээнэ. Тэнд сууж байсан 6н хүний ярианаас энд ирэх ёстой хүн л ирдэг гэдгийг сонсоод би нээрээ энд яагаад ирчихсэн сууж байнаа гэж бодогдоод болдоггүй. Нэгэнт ирчихсэн юм чинь хурууныхаа хээг өгөөд үзээд алддаг хэрэг ээ.
...Миний навчийг олохын тулд нөгөө навчнуудаа хараад уншиж байнаа... Хэдэн навч эргүүлж эргүүлж чи мягмар гаригт төрсөн үү гэж асуудаг юм байна. Таачихлаа шүү ! Жаахан байж байснаа чи тэдэн оны тэдэн сарын тэдэнд төрсөн үү? гээд пал хийтэл асуулаа...

Чиний нэр чинь тэр, аавыг чинь хэн гэдэг тийм ажил хийдэг, ээжийн нэр ус ажил төрөл гээд миний хамаг юмыг уншаад унав аа хөөрхий...
За тэгээд миний навч мөн болох нь батлагдсан учир одоо цаашаа юу бичигдсэн талаар хэлж өгөх ёстой.
21-н наснаас эхлээд уншиж гараваа. 22тойдоо чи тийм юм хийнэ, 23тайдаа чи тэгнэ, 24, 25, 26 ............
Би бүгдийг мэдсэн. Яаж амьдрахаа, ямар эхнэртэй болох, ямар айлын хэн байх, хэдэн хүүхэдтэй вэ, үр хүүхэд минь юу хийх, хэрхэн амьдрах, аав ээж минь юу хийх гээд бүгдийг нь уншуулсан.

Харин нэг сонирхолтой зүйл нь миний урьд насыг хэлж өгсөн явдал. Би бээр хэдэн оныг нь мэдэхгүй одоогийн Шри Ланка арал дээр төрсөн хүн байжээ. Маш баян хүн байсан тул өөрөөсөө өөр хүнийг хүн гэж үздэггүй их л его-той хүн байсан гэнээ. Тиймдээ ч их нүгэл хийж яваад насны төгсгөлд түүнийгээ ухаарч буяны мөр хөөсөн гэдэг. Мань хүн тэгж тэгж явсаар үхэхийнхээ өмнө өөрийнхөө шүтээнээс намайг дараа насанд минь айлын ганц хүү болгож өгөөчээ гэж гуйжээ. Буян нүгэлийн дэнсэнд буян нь дийлсэн тул захиалгыг биелүүлж тээр жил ээж минь төрж би гэдэг хүн энэ орчлон дээр 2 дахиа агаар амьсгалсан юм...
Бүр долоон мянган жилийн тэртээ ийм хүн төрөхийг мэдээд ингэж бичнэ гэдэг мөн агууяаа.

Би бичлэг болгоныхоо ард англи хэлний нэг өвөрмөц хэллэг нэгийг тайлбарлаж байхаар шийдлээ л дээ. Дуслыг хураавал далай...

a little bird told me - хаанаас хэнээс мэдээлэл авснаа мэдэгдмээргүй тохиолдолд ингэж хэлээд...

Wednesday, August 29, 2007

Өмнөх нь

Миний бие ангаахай гэдэг блог-г эхлүүлж байгаадаа баяртай байна гэж. Би гэж урьд нэг блог хөтөлдөг байсан боловч завгүй байсныг ч хэлэх үү бичлэг нэмэхгүй байсаар үхмэл блог болгосон нүгэлтэй хүн. Тэгээд хүн алдаанаасаа суралцдаг хойно энэ удаа өнгөрснөө ухамсарлаад акул болохын төлөө зүтгэх гэсэн юм. Миний онгорхой чихээр юу орж ангархай амаар хэрхэн гарахыг бичих болно...