Thursday, January 17, 2008

Дарамсала

Хэсэг хугацаанд алга болсоны шалтгаан биш шалтаг бол Энэтхэгийн баруун хойд хэсэг, Гимлайн нуруунд орших Дарамсала гэдэг жижиг хотхонд хэд хоносных билээ. 1959 онд төвд рүү хятадууд дайрч орсны улмаас төвдөөс дүрвэгсэд энэтхэг улстай хийсэн гэрээний дагуу эл газар суурьшсаар иржээ. Газар хөдлөлтйин идэвхитэй бүсэд оршдог, түүхэнд 1848 оноос английн мэдлийн цэргийн арми байрладаг байсан авч 1905 оны газар хөдлөлтийн уршигаар 20,000-д хүн амь эрсэдсэн гэсэн тоо баримт бий. Дарамсала нь хоорондоо 9 км орчим зайтай орших далайн түвшнээс дээш 1800 метрт орших дээд Дарамсала (McLeod Ganj) ,түүнээс 460м орчим нам дор байрлах доод Дарамсала гэсэн 2 хэсгээс бүрддэг байна. Миний хувьд дээд дарамсалад байрлаж цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, цаст уулын орой руу хараа бэлчээсэн шиг хэд хонов. Гадаадын жуулчид маш их байдаг болоод ч тэр үү буудал, ресторан нь үйлчилгээ сайтай санагдав. Энд далай багшийн хийд гэж байдаг ба тэнд хөгшин залуу хүүхэд шуухадгүй төвдүүд өглөө болгон очиж сунаж мөргөх нь мөргөн, хүрд эргүүлэх нь эргүүлэн байх. Хөлд ороогүй хүүхэд ч чадах ядхаараа мөргөж байхыг ч харав. Хамгийн гайхалтай нь яг лам шиг л бүгд ямар нэгэн ном, тарни амандаа дуржигнуулцгаах юм. Энэтхэгийн хаана ч байдгийг батлах мэт тэнд ч бас гуйлгачид мөнгө шалан зам хаах нь жаахан залхмаар. Хэдий ядуу, нутаг оронгүй хүний нутагт хоргодож байгаа төвдүүдээс нэг нь ч гуйлга гуйгаагүй байхад энэтхэгүүд тэнд өнгөтэй харагдсан хүн болгоныг татаж чангаах нь хөөрхийлөлтэй л санагдав. Хаана ч монгол хүн байдаг гэсэн шиг 2 алхаад л монгол хүнтэй таарч байх юм. 8-р богд халх Жавзандамба хутагтын 9-р дүр Жамбалнамдалчойжижанцан богд дээд Дарамсалад байрлан буддын шашин хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Намайг очоод бараалхах гэтэл хэдийгээр оросод байхдаа харвалт өгөөд бие нь чилээрхүү байгаа гэсэн хэдий ч холоос зорьж очсон болоод ч тэрүү, монгол хүн болохоор тэгсэн үү сэтгэл гарган хүлээн авч адис хүртээн, чадах чинээгээрээ ярилцан, өөрийн бичсэн "Итгэмжит үл дийлдэх саран авхайн нигуурын ишлэл" хэмээх ном, Жанрайсаг бурханы зураг тэргүүтнийг бэлэглэсэн билээ. ТАЛАРХЛАА.
Харин доод Дарамсалад Жүд хэмээх томоохон дацанд тарнийн хүч шингэсэн үрэл байдаг гэдгийг сонсож байсан болохоор сураглан очвол 12 13-н насны хөөрхөн хэрсүү 2 лам хүүхэд газарчилж, орчуулж өгсөний тусаар хүссэнээ олж авлаа. Тэнд 15 монгол хүүхдүүд суралцдаг гэсэн ба хамгийн бага нь 11-тэй гэв. 12-той хүүгээс хэдэн настайдаа ирсэнийг асуувал 7 гэв. Хэдэн жилийн дараа тэр 2-н амнаас гарсан тарни бүхэн биелэх бизээ...

дацан - шашны сургууль

3 comments:

Arsun said...

Bogdod baraalhaad irjee. Tegeed sonin saihan bichlegee oruulaad baigaarai.

Anonymous said...

angaahai mongold baidag biz dee? hezee darmasalad ochchihoo ve? esvel ene blogoo oor hund shiljuulsiimu?

sunshine said...

hi sain bna uu bi ene ayelaliin talaar chin medeelel avmaar bna boloh uu