Wednesday, October 1, 2008

Хэний төлөө?

Ангаахай блог хэний, юуны төлөө бичигдсэн юм бол оо? Хэнд, юунд зориулж бичигдчээд надаас бичлэг гуйдаг байна. Бүх бичлэгээ эргүүлж нэг уншлаа. Хүнд хэрэгтэй болсын болов уу гэтэл үгүй ээ, танд хэрэг болов уу? ядаж надад хэрэг болсон юм болов уу? Яг л нэг тоосонд дарагдсан, харандаагаар бичиж зарим нэг үг нь харагдахаа болисон тэмдэглэлийн дэвтэр мэт. Бодож байхдаа миний үеийн хүүхэд залуус их уншаасай гэж битүүхэндээ хүсдэг байж. Цагаас минь хөөрхөн ч шомбоддог байж. Одоо ч энд гаргах цаг үгүй болсон, бодол ч орж ирэхээ больж дээ....

Friday, July 4, 2008

Пири Рейсийн газрын зураг


"Шинжлэх ухаан, Танин мэдэхүй" сэтгүүл, 2004, №6.

Дэлхий 5, түүн дээрх амьдрал 4 тэрбум жилийн өмнө бий болсон. Цаг хугацааны урт удаан аянд Дэлхий дээр геологийн болон биологийн хувьслууд явагдсаар (гариг агаар мандалтай болж, далай тэнгисүүд ба тивүүд үүсэн, тэдгээрт амьдрагч төрөл төрлийн амьтад бий болж, үй олон үе солигдон) 10 гаруй сая жилийн өмнө анхны хүн дүрст мич, 2 сая орчим жилийн өмнөөс хүн дүрст, цэх явагч мич бий болсон... Харин 40 мянган жилийн өмнө ухаант хүмүүс (бид) үүсч, тун удаан овог овгоор салсан тархай бутархай байдалтай, бүдүүлгээр аж төрж (арьс нөмөрч, зураг зурж, гал гаргаж сурсныг эс тооцвол) байжээ. Тэгвэл соёл иргэншил чухам хэзээ анх үүссэн юм бэ?

Албан ёсны (ортодокс) шинжлэх ухаанд баримталж буй үзлээр бол дөнгөж 5 мянган жилийн өмнө л анхдагч соёл иргэншлүүд бий болсон байна. Энэ нь бичиг үсэгтэй болсон тэр цаг үетэй мөн давхацна. Соёл иргэншлийн эдгээр голомтууд нь эхлээд хоёр мөрний хөндийн Шумер (монголоор Сүмэр), тэгээд эртний энэтхэгийн Мохенжо-Даро, Хараппа, эртний Египет (Мисир), эртний Хятад зэрэг болно. Харин дараа нь Вавилон, Ассир, Перс, Эртний Грек, Эртний Ром… За, тэгээд манай эрин эхэлсэн бөгөөд үүнээс хойш, 2 мянган жилийн дотор бидний өнөөгийн соёл иргэншил бүрэлдэж, тогтсон. Одоо 3 дахь мянган жил гараад байна. Мэдээж, соёл иргэншлийн динамик төлөв хэвээр байгаа. Хүний нийгэм устах хүртэл энэ төлөв хадгалагдах байх. Гагцхүү гаригийн геологийн ба биологийн түүх, бүр хүн дүрст мичний биологийн хөгжлийн түүхтэй харьцуулахад манай иргэншил даанч залуухан ажээ.

Гэтэл, судлаачдыг балмагдуулж, сургаал номлолыг үгүйсгэж мэдэх тийм олдвор, түүхийн баримт цөөнгүй байдаг байна. Эдгээр нь одоо болтол оновчтой тайлбар аваагүйн улмаас эрдэмтдийг итгэгчид, үл итгэгчид ба дундыг баримтлагчдын бүлгүүдэд хуваахад хүргэдэг ажээ. Энэхүү өгүүлэлд ийм олдворуудын нэг болох Пири Рейсийн газрын зургийн (зур.1) тухай товч танилцуулъя.

Зур.1 Пири Рейсийн газрын зураг

Газель гөрөөсний арьсан дээр зурсан энэ гайхалтай газрын зургийг 1929 онд Туркийн Үндэсний музейн захирал Халил Эдхем тэргүүтэй хэсэг түүхчид Стамбул хотоос олжээ. Судалгааны үр дүнд энэ нь 1513 онд Туркийн далайн цэргийн гарамгай адмирал Пири Рейсийн өөрийн гараар зурсан жинхэнэ зураг болохыг тогтоосон байна.

Зураг дээр Африкийн баруун, Өмнөд Америкийн зүүн эрэг болон Антарктидын хойд эрэг дүрслэгдсэн байдаг. Ялангуяа Антарктидын хойд эргийг тун дэлгэрэнгүй үзүүлжээ. Антарктидыг 1818 онд Оросын судлаачид (Беллинсгаузен, Лазарев нар) нээсэн гэж үздэг. Тиймээс, энэ тивийг албан ёсоор нээхээс 300 жилийн өмнө яаж ийм газрын зургийг зурсан юм бэ гэсэн асуулт гарч ирнэ. Гэхдээ Пири Рейсийн зургийн хамгийн гол оньсого бол Антарктидын эх газрын эргийн хэсгийг мөсөн хучилтгүйгээр харуулсан явдал юм.

Нууцлаг зургийн талаар нарийн судалгаа хийсэн хүмүүсийн нэг нь Америкийн эрдэмтэн Чарьлз Хэпгүд юм. АНУ-ын Агаарын Цэргийн Хүчинд, Пири Рейсийн газрын зурагт үнэлэлт хийж өгөх талаар хандсан түүний хүсэлтэд нөгөө тал дараах хариултыг өгч байжээ:

“1960 оны 7 сарын 6

Сэдэв: Адмирал Пири Рейсийн газрын зураг

Хэнд: проффессор Чарльз Хэпгүдэд,

Нью-Хэмпшир гүнлэг, Кийн коллеж

Хүндэт Проффессор Хэпгүд ээ,

Таны, 1513 онд хийгдсэн Пири Рейсийн газрын зургийн ер бусын онцлогуудад үнэлэлт хийж өгөх тухай хүсэлтийг тус байгууллага ёсоор болгов. Газрын зургийн доод хэсэгт, Антарктид дахь Хатан хаан Модын Газрын Марта Гүнжийн Эрэг (хэсэг) болонПалмер хойг дүрслэгдсэн байна гэж үзэх нь үнэнд нийцнэ. Бид дараах тайлбарыг хамгийн боломжит, бас магадгүй зөв тайлбар гэж үзлээ.

Зургийн доод талын дүрслэлийн газарзүйн өгөгдлүүд нь 1949 онд швед-британий экспедици, Антарктидын мөсөн бүрхүүлийн дээд хэсэгт явуулсан сейсмологийн тандалтын үр дүнгүүдтэй сайн тохирч байна. Энэ нь, газрын зураг дээр, эргийн хэсгийг түүнийг мөсөнд хучигдахаас нь өмнө буулгасан гэсэн үг мөн. Тухайн газар нутаг дахь мөсний зузаан ойролцоогоор 1.5 км болно. 1513 оны үеийн газарзүйн мэдлэгийн төвшинд дээрх өгөгдлүүдийг хэрхэн олж авч чадсан тухайд бидэнд ямар ч төсөөлөл алга аа.

АНУ-ын Агаарын Цэргийн Хүчний ахмад, дэд хурандаа Хэрольд Олмейер.“

Зургийн хоосон зайнууд дээр, Пири Рейс энэ зургийг бүр эртний эх сурвалж, зургаас хуулбарлаж зурсан болохоо тэмдэглэж бичсэн байдаг. Газрын зураг дээр Антарктидын хойд хэсгийг мөсөн хучилтгүй зурсан байгаа. Тухайн үед Антарктидын мөсөн бүрхүүлийг сая жилийн настай гэж үзэж байлаа. Тэгэхээр зургийн оригинал бас дор хаяж сая жилийн настай болж таарна. Гэтэл энэ бол ямар ч боломжгүй зүйл, учир нь тэр үед хүн төрөлхтөн үүсээгүй байсан шүү дээ.

Дараа дараагийн илүү нарийн судалгаагаар, Антарктидын одоогийн мөсөн бүрхүүл 6000 жилийн өмнө үүссэн болохыг тогтоов. Түүнээс өмнөх 3000 эсвэл 7000 жилийн туршид тив мөсөн хучилтгүй байсан байна. Харин үүний өмнө мөстлөгийн үе, тэрний өмнө бас мөстлөггүй үе, өмнө нь ахин мөстлөгийн үе гэх мэтээр тус тивд мөсөн бүрхүүлтэй болон бүрхүүлгүй үеүүд ээлжлэн солигдож иржээ. Хамгийн гол нь, чухам хэн, ямар соёл иргэншил 6000 жилийн өмнө газрын зураг дээр мөсөн тивийг буулгав аа?

Орчин үед агаарын болон сансрын техник ашиглан, газрын зургийг өндөр нарийвчлалтайгаар хийдэг. Бидний мэдэхээр агаарын хүнд техник (онгоц) үүсээд 100, сансрын техник (хиймэл дагуул) үүсээд 50 жил болж байгаа. Гэтэл Пири Рейсийн зураг нарийвчлалын хувьд орчин үеийн зургуудаас дутах нь бүү хэл зарим талаар илүү байсныг АНУ-ын Тэнгисийн Цэргийн Хүчний усзүйн товчооны судлаачид тогтоожээ. Өөрөөр хэлбэл газрын зургийг хийхийн тулд дор хаяж агаараас зураг авсан байх нь (дахин сануулъя: 6000 жилийн өмнө!). Түүнээс гадна зургийг зурахдаа бөмбөлөг проекциор байгуулсан тийм эх зургаас хуулбарласан болох нь мэдэгдэв. Энэ эх зургийн проекцийн төв нь газрын гадаргаас 500 км өндөрт оршиж байсан байна (зур.2). Түүнийг зохиосон хүмүүс, экваторын уртыг одоогийнхоос дөнгөж ±100 км-ийн зөрөөтэйгээр тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл эх зураг бол хагас мянган км-ийн өндрөөс Дэлхийн харагдах байдлыг буулгасан газрын зураг байжээ.

Зур.2 Эх зургийн проекцийн төв нь Египетийн Каир хотыг дайрсан босоо шулуун дээр байрлана

Пири Рейсийн газрын зураг нь ийм төрлийн олдворуудын цор ганц биш гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. 1339 оны “Портолано” хэмээх газрын зурагт Европ, Умард Африкийн уртрагийг яг үзүүлж, Газар Дундын болон Хар тэнгисийн координатуудыг хагас хэмийн зөрөөтэй заадаг бол 1559 оны Хажи Ахметын зурагт бүр мөсөн галавын өмнөх үед ил байсан, одоо харин усан доор орсон Берингийн “гүүр” буюу Ази, Америкийг холбосон хуурай газрыг дүрсэлсэн байдаг. Оронтей Финней гэгчийн 1532 онд зурсан зургийн нарийвчлал бас л гайхамшигтай. Тэнд Антарктидыг мөн мөсөн бүрхүүлгүй харуулснаас гадна Гренландын арлыг 2 тусдаа арал болгож зуржээ. 20-р зуунд Францын эрдэм шинжилгээний ангийн хийсэн судалгаагаар Гренланд нь үнэхээр мөсөөр хучигдсан 2 тусдаа арал болохыг тогтоосон байх жишээтэй.

Түүхэнд мэдэгдэж байгаа эртний иргэншлүүд ийм зургууд хийж чадахгүй байсан. Тэд чинь дөнгөж л хүрэл зэвсгээсээ салж эхэлж байсан нөхөд шүү дээ. Тэгэхээр нэг бол бидний мэдэхгүй тийм өндөр технологит соёл иргэншил эрт цагт манай гариг дээр байсан, эсвэл олон мянган жилийн өмнө Дэлхий дээр харь ертөнцийн төлөөлөгчид ирж (эсвэл ирдэг) байсан, эсвэл энэ бүхэн дэмий хоосон сенсаци болж таарна.

Пири Рейсийн газрын зураг болон бусад олон олдворууд одоо ч гэсэн нууцаа хадгалсаар байна. Маргаантай олон тайлбарын чухам аль нь үнэн болохыг цаг хугацаа харуулна биз ээ. Нөгөө алдартай “Нууц материалууд” кинонд юу гэдэг билээ? “Үнэн хаа нэгтээ энэ хавьд л бий” гэдэг байх аа...

Б.Алтанхүү (2004)

Thursday, July 3, 2008

Wednesday, June 25, 2008

Амандаа ус балгав

Уншаад л байлаа... Энэ хүмүүс чинь бүгд л үнэн юм яриад, үнэн бичээд байдаг... Өө ашгүй дээ , болоо доо гэж бодохоор өөдлөх юм их ховор байх юм даа... Үнэхээр үйл, үг нь уралдаж байдаг бол өнөөдөр арай ч ингэж болохгүй байлгүй дээ... Сүүлийн үед монголчуудын яриа нь ихдээд байх шиг санагдах юм. Ярьж байгаа юм аа өөрөө хэр сайн биелүүлдэг, сахидаг бол?
Түрүүхэн энэтхэгт нэг "Гүрү" шүүх хуралд дуудагдаад бөөн юм болсон юм байх... Мань хүн өөрөө свами, бясалгагч, мэдлэгтэй нэгэн гэх... Чамгүй их дагалдагчтай ч болоод амжиж. Гэвч түүний гэрт нь шалгалт хийж л дээ... Мань хүн бодож байснаас тэс өөр, бясалгал гэж бараг мэдэхгүй, свами мөн гэсэн ямар ч баримт, итгэл төрүүлэхээр хүн биш байж л дээ. Хүний итгэлээр хөөрхөн нэр, мөнгө шомбодоод авч....
Хүнийг гэлтгүй монголд иймэрхүү "гүрү" нар олон байгаа... Нээх сайхан энэтхэг хувцас өмсөөд л бясалгал, иог хийгээд л, гэгээрэл гээд л яриад нэг л сайхан нигүүлсэнгүй хүн мэт харагдавч хийж байгаа нь зөрүүтэй байдаг нь харамсалтай... Жишээ нь : Амьдрах ухаан (Амьдрах урлаг) . Курсэд нь суусан хэн ч гэсэн өөрийгөө нээхээр, өрөөл бусдыг нээж ч чадахаар тийм л агуу их мэдлэгийг олгож өгдөг... Мэдлэгийг аягатай хоол гэвэл өөрөө идэх үү? эсвэл өөр хүнд халбагадаж өгөх үү? гэсэн 2 сонголт байж болох юм. Хамгийн анхны багш нь олноо хүндэтгэсэн Саран багш... Хүн болгон л хүүхэд шуухад аж ахуй гэж байхад тэрээр тэс өөр юм ярьж байсан. Хүний амьдралын гол утга учирыг өмнө нь ээж аав, өвгөд хөгшид, лам нараас сонсож байснаас арай илүү ойр, ойлгомжтойгоор ярьж таниулж ирсэн. Түүний ярьсан бүхэн үнэхээр бодууштай , түүнийг хүндэтгэх сэтгэгдэл өөрийн эрхгүй төрөхөөр. Гэвч дараа дараагийн түүний зэрэгтэй багш нар төрөн гарсан авч тэрээр хүлээн зөвшөөрөхгүй байсан гэж жиг жуг хийлцэнэ. Харин ч баярлах ёстой байсан бус уу? Эсвэл зүгээр л халбагадаж өгч байсан юм болов уу?
Түүнээс хойш амьдрах ухааны олон багш нар төрөн гарч, цаашид ч ихээр нэмэгдэх хандлагатай байна. Үнэхээр сайн сайн багш нар гарч ирж байгаа боловч саар ч хүмүүс бас байх юм. Монгол гэхээрээ тэгдэг юм уу? Монголын амьдрах ухааны багш нар хоорондоо эв түнжин муутай байдгийг анзаарсан. Саяхан монголд холбоо байгуулагдсан боловч ингэсэнээрээ илүү зүйл хийнэ гэдэг юу л бол... Нэг "Гүрү"-г шүтэж , бүгд л ижил юм заалгаж , нэг зорилгын дор байдаг юм байж яагаад зөвхөн бичиг баримтаар биш, сэтгэл санаа зорилгоороо нэгдэж болдоггүй юм болоо? Амьдрах ухаан жинхэнэ утгаараа хөгжиж чадах болов уу?

Wednesday, February 20, 2008

Та хэзээ, юунд хариуцлага хүлээнэ гэж бодож байна?

Яаруу явж байсан чинь ёоо гутал задарчихдаг. Явахын аргагүй... ядаж байхад гуталчин баагий дээр гуталтангууд овоорчихсон, очер яриад муухай муухай хараад... Уур хүрээд байх юм. Энэ муу гуталчин оёод өгчихгүй ажил баллаад сүртэйн, энэ хүмүүс урдуураа оруулчихгүй ядаргаатчих юм аа, нээх ажилтай ч юм шиг... Хүн өглөө босоод шар гутлаа өмсөх гээд байхад энэ нь дулаахан гээд ээж одоо... Энэ мууг уул нь авмааргүй байхад авгай ав ав гоё байна, тэглээ ч боломжийн үнэтэй юм гээд байсан шал дэмий юм авчихдаг... Ингэхийг нь мэдээд байхад... Тэр муу дэлгүүрийн хүүхэн худлаа дулаахан ориг мориг, хэдэн жил өмсөнө энэ тэр гээд худлаа бураад... Яахаараа дандаа хятдын хог оруулж ирдэг байнаа... Намайг бодвол мөнгөтэй юм байж худлаа нарийлаад, хямдхан гутал оруулж ирчихээд үнэтэй зараад...хүн шулаад...олигтойхон газраас авчирч болдоггүй л юм байхдаа... Энэ хэдэн бизнесмэнүүд нь худлаа улс төр хөөж байхын оронд ганц сайн гутлын үүлдвэр барьчихгүй...Ард түмний татвар хувааж идэж суух нь амар байдаг биз...Ажилгүй хэдэн юмнууд... Мөнгөө шулуулах хүнийхээ нэрийг дугуйлчихдаг бас мулгуу толгойнууд шүү... Анхнаасаа л хөдөө гаралтай юм болохоор...
Тийм... гутал урагдсанд төр, түм, түүх буруутай...
буюу бүхний өмнө та хариуцлага хүлээнэ. Гутал, гуйлгачин, улс, төр , түүх... бүгдэд нь та буруутай. Тэнд мал үхэж зуд болж байвал та буруутай... Тэртээд онгоц сүйрч , хүн хүнээ хөнөөсөнд та буруутай... Хөмсгөө өргөөд байх хэрэггүй, бултах гээд ч хэрэггүй. Хүссэн хүсээгүй үүний төлөө хариуцлага хүлээнэ.
Харин номын санд ороод ном уншчихаад зохиогч, номын сангийн эзэн, үүсгэн байгуулагч хянагч тэр бүү хэл номын санчид хүртэл баярлах хэрэгтэй бус уу?! Гараад таксины жолоочид...цайны газрын тогоочид... зам цэвэрлэгч , хог шүүрдэгч, орцны жижүүр , олиггүй хулгайчид хүртэл таларх... тэдэнгүйгээр ямар байна? Төсөөл дөө...
Хүний блогоор орж уншаад үнэн ч бай , худалч бай , хэрэгтэй хэрэггүй , уур хүрмээр , дургүй хүрмээр байсан хамаагүй түүнд баярллаа гэж хэлэх хэрэгтэй болов уу... Ядаж л Googlt adsense байдаг бол тэрэн дээр нь ганц ч болтугай тогшилт хийгээд өгөх л хэрэгтэй.

Thursday, February 7, 2008

3... 2... 1... хулгана жил гарлаа

Бага байхдаа зүг гаргахаас их ичдэг байлаа. Нэг жил шинийн нэгний өглөө зүгээ гаргахгүй гээд тэрийгээд хэвтчихлээ. Ижий минь гар хүрдэггүй савангийн хөөс шиг эмзэг байсан намайг гэнэт тэр өдөр угз татан босгоод үзүүртэй гутлаараа бөгс рүү өшиглөн эгээ л бөмбөг шиг 3-н давхараас гадаа гартал тууж, гарт тарни бичсэн цаас атгуулан зүг зааж өгсөн билээ. Би гэж нус нулимсаа долоон ээжийн аягласанд гомдоод л... тэгтлээ уурласныг бодвол зүг гаргах их л чухал байсных биз. Амьдралдаа хэдхэн удаа мөр гаргаж үзсэн. Хүний нутагт суугаа хүн зүг гаргадгүй гэж сонссоных. Арга ч үгүй биз. Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө бослоо гэсэн чинь хулгана, үхэр ямар цаг ч байх юм билээ. Ямар 5 4 3 2 1 ээ гээд секунд тоолоод гарчихдаг жил биш. (Миний "цаад" цаг хаанахын цагтай таардаг юм болоо?) За босоод гурилаараа гахай, нохойгоо хийгээд баруун урд зүгт гарлаа гэсэн чинь нар нь хаанаас манддаг нь мэдэгдэхгүй манантай, ядахад өндөр байшинтай, зүгээ мэдэхгүй чөтгөртэй зүг рүү нь гаргаад өнөөх барьж явдаг сэрээнд нь өлгүүлэх биз. Мэдлээ ч гараараа цеменд ухалтай биш, гахайгаа газар тавиад дэвсэлтэй биш. Хог тарьлаа гээд шинийн нэгэндээ хохирол гаргаж тэр жилдээ түрүүвч нимгэн явах биз. Монголчууд 2 шинэ жил тэмдэглэдэг сайхан шүү! 2 ч удаа шив шинэхэнээр эхэлж байгаа юм шиг. Ямартай ч элгээрээ энх амгалан хэмээн золголцож идээ ундаа элбэг байхыг хүсэн ширээ засан, илүү ихийг билэгшээн ирсэн хүн болгоныг дайлан, эд бараагаар элбэг байг гээд бэлэг өгдөг бизээ.
Сайхан шинэлээрэй!

Friday, February 1, 2008

Б .... Ш

Ижий аав 2 минь нэг хэсэг эрээнтэй бараантай амьдралд ээдэрч , бүдэрч явах цагтаа үзмэрч, ламд бараалхаж ажил амьдралынхаа учир начирыг лавлаж гэнэ л дээ. Цаадах нь зоос хаясан уу шоо шидсэн үү бүү мэд танайд нэг бурхан буруу харан байрласан байна гэв. Буруу хараад байх бурхан шүтэж яваагүй юмсан будилуу хүн дээр иржээ хэмээсэн гэдэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хог новшоо янзалж хэрэггүй бичиг цаасаа ухаж л дээ. Гэтэл тэр дунд нь Далай Лам дүрээрээ сууж байх юм гэнэ. Байрлал нь харин буруу харж ээ. Үүнээс хойш шүүгээн дотор Бурхан Будда заларч , өмнө нь үе үе зул асдаг болсон юм гэдэг. Духаа шалбартал, өвдгөө өвдтөл мөргөлөө гээд гуйсан болгоныг чинь гаран дээр тавчихдаггүй гуулин суумал биш дэгээ. Өгдөггүй ээ гээд өлөн тархийг чинь бохир усаар угаадаг, дуртай нэг нь муулж, харааж байдаг зүгээр ч нэг баримал биш дэгээ. Та хэзээ ч харахгүй, хэзээ ч сонсохгүй, угаас бурхан гэж үгүй. Харин наандаж сэтгэл судлал, цаандаж шидийн хүчтэй шашин гэгчийг ухан ойлгож, чин сэтгэлээс шүтэх нь таны дорд бие болоод дээд биед тустай бус уу. Учраа мэдэхгүй худлаа мөргөөд ч яаалаа, битгий шүт . Гэхдээ буруу зөрүү гэж битгий нүд. Шүтвэл лалынхан шиг амиа тавин шүт л дээ. Чадахгүй бол өөрийгөө л шүт. Та өөрөө бурхан. Шашин болгоны зорилго нэг зүгт... Аз жаргал, амар амгалангуй руу л тэмүүлнэ. Гараа алдалсан, алгаа дэлгэсэн, хөлөө зөрүүлсэн, хамраа унжуулсан аль нь ч бай чиний сайн сайхны төлөө нэг л уулын өөд өөрийн өөрийн зам мөрөөр л өгсөнө. Аль замаар нь явах нь харин таны дур. Харин замаа холиод , солиод , уруу өнхрөх вий хөөрхий.

Thursday, January 17, 2008

Ирээдүйг харж болох уу?

Нэгэнтээ би өөрийн ирээдүйг уншуулчихсан хүнсэн. Миний хамгийн анхны бичлэгийг уншаарай! Түүнээс хойш тэр л үгүүд, миний хувь заяаны тухай өгүүлэл тархинд тонгочиж байгаа билээ. Хэдийгээр итгэхээс аргагүй үнэмшилтэй байсан ч болоогүй юмыг урьдчилж харна гэдэг боломжтой зүйл гэдэгт эргэлзсээр л... Ирээдүйг харж болно гэж үү? (Хэрэв энэ бичлэг уншихад урт санагдаж байвал алгасаад доор бичигдсэн том хар хэсгээс эхэлж уншаарай!) Энэ талаар мэддэг хүнээс асуучихаж болох авч, чиний асуулт бүхэн өөрийн чинь дотор байдаг гэсэн мэргэн хүний үгийг баримтлахыг хичээдэг учир өөрөөсөө ухахыг хичээв.Та гэрлэн биеийн тухай сонсож байсан байх. Хүний биеийг эфирийн гэрэл хэмээх хүнд харагдахааргүй (хичээвэл харж ч болно л доо) маш өндөр давтамжтай биеийн галбир даган, ширхэг үсийг ч хүрээлэн байдаг соронзон орон бүрхүүл байдаг. Түүний гадуур өндгөн хэлбэртэй эфирэн биеийг бодвол илүү нарийн бүтэцтэй гэрлэн бие (өндөр 2м гаран, өргөн 1,2м) хүрээлэн, өнгөөрөө, хэлбэрээрээ таны жаргалт зовлон, өвчин эмгэг гээд бүгдийг тань илэрхийлдэг (гэрлэн биеийн зураг гаргадаг багаж байдаг гэсэн) хүрээ байна. Хүний хувцсыг хараад ерөнхийдөө ямар хүн бэ гэдгийг дүгнэж болдог билээ. Үүний ижил гэрлэн биеийг хараад таны "амьдралыг уншиж" болно. Үнэн худлыг мэдэхгүй ч гэрлэн биеийг хардаг билгийн нүдтэй хүмүүс байдаг гэсэн. Гэгээрэлд хүрсэн хүмүүс билгийн нүдтэй байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг юм. Гэрлэн биеээс таны өнгөрсөн амьдралыг ерөнхийдөө харчихаж болохоор байгаа биз. За үүнийг түр зуур орхиод... Үнэхээр хэдэн мянган жилийн өмнө миний ирээдүйг харчихаад биччихсэн байна гэж үү? Шууд ч харчихаагүй, мэдсэн байж болох юм. Өөрөөр хэлбэл ирээдүйг бодож олсон гэсэн үг. Хүний хийсэн үйл хэрэг, карма ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон байж болох юм гэж би дүгнэх гэв. Хэдэн мянган төрлийн өмнөх миний төрөл хэнбугайн үйлийг (гэрлэн бие ч юм уу ямар нэг энергийн бөөгнөрөл) хараад гэгээтэн хэд хэдэн үеэр минь "тооцоолон" гаргаж л дээ. Жишээ нь нэг физикийн номон дээрхи бодлого байя л даа. Бодлогын хувьд ирээдүй нь түүний хариу. Бодож байж л хариуг гаргана. Хариу нь хамгийн арын хуудсанд бичигдээгүй тохиолдолд шүү дээ. Хэрэв хэн нэгэн шидтэн ирээдүйг шууд хардаг байсан бол, жишээний хувьд бодлогын хариуг арын хуудсыг нь эргүүлээд хариултыг нь шууд харахтай л адил. Тийм хүн байхгүй байх. Байсан бол өнгөрсөн зуунуудад хэн нэгэн комьпютер гэж ийм юм гарч ирнээ гээд зургийг нь зурчихаж болох л байсан.
Гэрлэн биенд ирээдүй хүртэл оршин байдаг байхнээ.

Дарамсала

Хэсэг хугацаанд алга болсоны шалтгаан биш шалтаг бол Энэтхэгийн баруун хойд хэсэг, Гимлайн нуруунд орших Дарамсала гэдэг жижиг хотхонд хэд хоносных билээ. 1959 онд төвд рүү хятадууд дайрч орсны улмаас төвдөөс дүрвэгсэд энэтхэг улстай хийсэн гэрээний дагуу эл газар суурьшсаар иржээ. Газар хөдлөлтйин идэвхитэй бүсэд оршдог, түүхэнд 1848 оноос английн мэдлийн цэргийн арми байрладаг байсан авч 1905 оны газар хөдлөлтийн уршигаар 20,000-д хүн амь эрсэдсэн гэсэн тоо баримт бий. Дарамсала нь хоорондоо 9 км орчим зайтай орших далайн түвшнээс дээш 1800 метрт орших дээд Дарамсала (McLeod Ganj) ,түүнээс 460м орчим нам дор байрлах доод Дарамсала гэсэн 2 хэсгээс бүрддэг байна. Миний хувьд дээд дарамсалад байрлаж цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, цаст уулын орой руу хараа бэлчээсэн шиг хэд хонов. Гадаадын жуулчид маш их байдаг болоод ч тэр үү буудал, ресторан нь үйлчилгээ сайтай санагдав. Энд далай багшийн хийд гэж байдаг ба тэнд хөгшин залуу хүүхэд шуухадгүй төвдүүд өглөө болгон очиж сунаж мөргөх нь мөргөн, хүрд эргүүлэх нь эргүүлэн байх. Хөлд ороогүй хүүхэд ч чадах ядхаараа мөргөж байхыг ч харав. Хамгийн гайхалтай нь яг лам шиг л бүгд ямар нэгэн ном, тарни амандаа дуржигнуулцгаах юм. Энэтхэгийн хаана ч байдгийг батлах мэт тэнд ч бас гуйлгачид мөнгө шалан зам хаах нь жаахан залхмаар. Хэдий ядуу, нутаг оронгүй хүний нутагт хоргодож байгаа төвдүүдээс нэг нь ч гуйлга гуйгаагүй байхад энэтхэгүүд тэнд өнгөтэй харагдсан хүн болгоныг татаж чангаах нь хөөрхийлөлтэй л санагдав. Хаана ч монгол хүн байдаг гэсэн шиг 2 алхаад л монгол хүнтэй таарч байх юм. 8-р богд халх Жавзандамба хутагтын 9-р дүр Жамбалнамдалчойжижанцан богд дээд Дарамсалад байрлан буддын шашин хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Намайг очоод бараалхах гэтэл хэдийгээр оросод байхдаа харвалт өгөөд бие нь чилээрхүү байгаа гэсэн хэдий ч холоос зорьж очсон болоод ч тэрүү, монгол хүн болохоор тэгсэн үү сэтгэл гарган хүлээн авч адис хүртээн, чадах чинээгээрээ ярилцан, өөрийн бичсэн "Итгэмжит үл дийлдэх саран авхайн нигуурын ишлэл" хэмээх ном, Жанрайсаг бурханы зураг тэргүүтнийг бэлэглэсэн билээ. ТАЛАРХЛАА.
Харин доод Дарамсалад Жүд хэмээх томоохон дацанд тарнийн хүч шингэсэн үрэл байдаг гэдгийг сонсож байсан болохоор сураглан очвол 12 13-н насны хөөрхөн хэрсүү 2 лам хүүхэд газарчилж, орчуулж өгсөний тусаар хүссэнээ олж авлаа. Тэнд 15 монгол хүүхдүүд суралцдаг гэсэн ба хамгийн бага нь 11-тэй гэв. 12-той хүүгээс хэдэн настайдаа ирсэнийг асуувал 7 гэв. Хэдэн жилийн дараа тэр 2-н амнаас гарсан тарни бүхэн биелэх бизээ...

дацан - шашны сургууль

Sunday, December 23, 2007

Сэтгэгдэл

Шинэ жил болох гээд гоё байна... Гоё гээд хөөрцөглөөд ч байх юу байхав он гарах гээд цаг л яваад байна шүү дээ. Миний блог-г уншиж байдаг та нарт баярллаа. Ялангуяаа юм бичээч гээд шалан байдаг Арсун ахдаа их баярллаа. Ангаахай нь он гаргаад бараг 4-н сартай болох гэж байна. Хэсэг хугацаа өнгөрөөд бүргэд, тоть, болжмор гээд ямар нэгэн юм болох бизээ. Энэ хугацаанд эргээд харахаар царай муутай хааш яаш бичсэн хэдэн халтар бичлэг л байх шив дээ. Цаашид улам илүүг бичихийг хичээнээ...
Та Ангаахай блог-г уншаад ямар хүн үүний ард суудаг гэж төсөөлдөг вэ? Сэтгэгдэлээ харамгүй, гамгүй, хайргүй, найргүй хуваалцаарай !

Wednesday, December 19, 2007

Disneyland "Magic Highway USA"

1958 онд Disneyland "Magic Highway USA" нэртэй уг хүүхэлдэйн киногоор ирээдүйг зөгнөж байжээ. Ингэж сайн төсөөлнө гэж байдаг аа.

Tuesday, December 18, 2007

С. Ганбаатар илтгэл 1-р хэсэг

Заавал сонсоорой ! Би өөрөө зургийг нь эвлүүлэх гэж оролдов...

Monday, December 17, 2007

Үгээр үнэнийг илэрхийлэх

Та ямар нэгэн юм ярьж, бичиж л дээ. Харин таны ойлгуулахыг хүссэн бүхэн тухайн хүнд яг таны дотор байгаа шигээ хүрэх болов уу? Хүн хүн өөр өөрийн мэдлэгийн түвшинд ойлгосоноороо л хүлээж авна. Хэрэгтэй, хэрэггүй, зөв буруу зөрүү гэх зэргээр янз янзаар тусгана. 100% ойлгоно, ойлгуулна гэдэг хэцүү юм. Хүний дотор орж чадахгүйтэй адил эргэлзээтэй асуудал. Жишээ нь би хэн нэгэн хүнд хэлж л дээ. Би чамд хайртай... Өнөөх хүмүүс нь дотроо бодож байна: зарим нь ямар гоё юм бэ би ч бас... Нэг хэсэг нь худлаа даа хэн мэдэхийн... Би түүнд хайртай гэдгээ тухайн үед өөрөөр яаж ойлгуулах вэ? Үгээр үнэнийг илэрхийлэх бол үнэхээр хэцүү... Лалын шашны Куран сударт "..чамайг болон чиний гэр бүлийг доромжилсон хүнийг чи хөнөөж болно, харин үхсэнийхээ дараа дээд тэнгэрт яагаад хүн хороох болсон шалтгаанаа тайлбарлаж чадвал чи диваажинд үгүй бол тамд..." гэсэн хэсэг байдаг гэж нэгэн иран найзаасаа сонсож байсан юм. Үнэхээр куран сударт иймэрхүү юм бичсэн байдаг гэдэг эргэлзээтэй. Харин тэнд үнэхээр тийм утгаар бичсэнийг хэн юу гэж ойлгоод тараасан юм бол гэдэг нь асуудал. Куран гэсэн үг нь л гэхэд өөрөө 70-д утгатай гэдэг.
Тэгвэл яаж ойлгох, ойлгуулах вэ? Чадвартай хүн бол чамайг үггүй байхад чинь ойлгоно. Далай багшийн номонд сууж байхад тэрээр ярьж байснаа гэнэт тэддүгээр эгнээний тэд дэх хүнийг шалгаадах гэв. Тэр хүнийг нэгжээд баривчлаад гараад явсан. Сүүлд чих тавихнээ зэвсэгтэй этгээд байсан гэсэн. Далай багш яаж мэдсэн юм бол оо? Психотроникийн талаас нь тайлбарлах гэж оролдвол багш хүний гэрлэн биеийг харах чадвартай байж болно, аль эсвэл хүний бодлыг ч уншиж чаддаг байх. Өшөө нарийн ширийн зүйлүүд байж болох юм. Ямарч байсан чадвартай хүн бол таныг төвөггүйхэн ойлгочих байх. Амьтад хүний хэл мэдэхгүй ч хүнийг ойлгодог. Яаж тэр вэ? Жишээ нь нохой айсан хүн руу дайрдаг гэдэг. Нохой үнэрлэх чадвар сайтай учир ШУ айсан хүнээс үнэр ялгардаг гэж тайлбарлав. Үгүй ч байж болно шүү дээ. Төгс хэл гэж үгүй. Тиймээс аливаа нийтлэлийг уншихдаа битий зүгээр нүдээрээ гүйлгэж уншиж байгаарай. Та минутын уншлага өгч байгаа хүүхэд биш дээ. Харин ганц нэг уншингуутаа тэнэг гэж дүгнэхээсээ өмнө сайн тунгаан уншин хэрэгтэй зүйлийг олж аван, хэрэггүйг нь таягдан, тухайн хүний хэлэх гэснийг утгаар нь сайн ойлгохыг хичээгээрэй. Үгний ард үг гэж ярьдаг даа.
Одоо миний санааг ойлгосон уу?

Sunday, December 9, 2007

Утаанбаатар


BY ангаахай

Thursday, November 29, 2007

Мэдээллийн сан

Эрдэмтэд одоо болтол тархи хэмээх нууц эрхтнийг судалсаар байна. Тархи ч нууцаа хадгалсаар байгаа билээ. Хэрэв тархийг бүрэн судалж чадах юм бол магадгүй бүх юмсын нууц тайлагдаж болох юм. Харж сонсож үнэрлэж амталж хүртэж мэдэрсэн мэдээллийг тархи хүлээн аваад, хадгалах ба тэдгээрийг боловсруулж өөр хооронд нь холбон санах ойд хадгалдагийг эрдэмтэд үжээ нээсэн билээ. Үрчгэр тусмаа ухаантай буюу мэдлэгтэй байдаг гэдгийг бүгд мэднэ. Аргагүй хар ухаанаар бодоход тархийг индүүдэж болоод татаж сунгаад дэлгээд үзье гэж бодвол нэлээн том талбайтай хавтан зүйл үүсэх нь лавтай. Үүнийг байгаль, гавал хэмээх жижигхэн орон зайд үрчийлгэн чихэн багатаахыг маш сайн шийдвэрлэж өгчээ. Тархитай болгон үзсэн харсан мэдсэн бүхний тоогоор ухаантай байдаг гэвэл бас алдас болох. Мэдсэн мэдлэгийг хооронд нь зохицуулж нааш цааш нь уялдуулдаг бодол гэж зүйл байх. Тийм юмуу гэхээр бас үгүй. Шөнө унтаж байхад чинь хэзээ ч хаана ч харж мэдэрч байгаагүй хачин зүйлүүд тархинд орж ирдэг. Хэзээ ч билээ хэн нэгэн ваннтай усанд ороход нь ус нь халгин асгарахад эврика хэмээн гадуур шалдан гүйх. Модон доор сууж байхад толгой дээр алим унахад таталцлын хуулийг нээх. Зураач, хүүхэн зурав. Зуун зуунд хүүхний инээмсэглэл нууцаа хадгалав. Хүн болгон л усанд ваннанд хэвтдэг, хүн болгоны дээрээс юм унасан байдаг. Зураач болгон л хүүхэн зурдаг. Яагад заавал Аристотел, Ньютон, Да Винчи ? Д.И.Менделеев хүснэгтээ ер нь яаж яваад олчихсон юм болоо? Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Тэд уйгагүй хөдөлмөрлөж хичээсний үр дүнд, шагналд "бурхан" эрдэмтдийн тархинд мэдээлэл илгээжээ. Химийн хүснэгтийг зүүдэндээ л эвлүүлсэн гэсэн. Оёдлын машины зохиогч оёдлын машиныг эхэлж зүүдлээд дараа нь зохиосон гэсэн. Тэгсэн л гэсэн ингэсэн л гэсэн...Ихэнх нээлтүүд иймэрхүү учир битүүлэгээр нээгдсэн байдаг. Хэдэн мянган хэдэн, галавын өмнө ч химийн хүснэгт байсаар байсан. Гагцхүү цагаа хүлээн, эзнээ хүлээн хаа нэг газар хадгалагдаж байсан буй заа. Энэ мэт ирээдүйд хийх нээлтүүд ч эрт дээр хийсэн нээлтүүд ч , энэ ертөнцийн нууц бүхэн хаа нэгтээ хадгалагдаж байгаа биз. Хэзээ ирэхээ л хүлээн суугаа. Гэгээнтэн хүнээс та юу дуртайгаа асууж болно. Асуулт болгонд тань төвөггүй хариулах чадна. Тийм их мэдлэг цуглуулсан хүн үү? Үгүй ээ. Түүний нас тэр их мэдлэгт богино. Тэр мэдээлэлтэй холбогджээ. Мэдээллийн санд ертөнц нүцгэн. Та сайн бод тунгаа , бодлоо хяна, бясалга, хэрэггүй муу муухай бодлуудаас тархиа чөлөөл! Тэр ТАНЫ ч өмнө нүцгэн.

Saturday, November 24, 2007

Усны үг

Бид цасан ширхэгийн талст бүхий үзэсгэлэнт хэлбэртэй зургийг харж л байсан. "Messages from water" номын зохиогч, японы судлаач Др. Эмото ус хөлдөөн, мөсний талстууд хэрхэн хэлбэржсэн талаар сонирхолтой дүгнэлтэнд хүрсэн билээ. Зарим нэг зургуудаас сонирхуулбал.

Нью Зеланд, мөсөн гол


Франц, Оргилуурын усных


Фуживара , залбирал үйлдэхийн өмнө



Фуживара , залбирал үйлдсэний дараа


Түүнчлэн дуу хөгжим усанд хэрхэн нөлөөлж буйг талст харуулжээ. Усанд хэдэн цаг хөгжим сонсгосны дараа.

Air for the G String, Бах


Farewell Song, Чопин


Хүнд метал ая


Тэрээр бас нэгэн сонин туршилт хийжээ. Үг усанд хэрхэн нөлөөлөх бол. Ус үг мэдэхгүй утгыг нь ч мэдэхгүй гэж бодож байн уу? Эдгээр үгсийг бичсэн саванд хийж байгаад талсын зургийг нь авахад.

Хайр хүндэтгэл


Баярллаа


Чи миний дургүйг хүргэсэн. Чамайг ална шүү.


Хүний биеийн хэдэн хувийг ус эзэлдэг вэ. Намайг нэгэн шашны том үйл ажиллагаанд ороход ус огт оруулахгүй байв. Учрыг асуутал "энд ирсэн хүмүүсээс гарсан муу энерги усанд шингэдэг" гэсэн. Үнэний хувьтай ч байж болох юм.
Илүү мэдээлэл хүсвэл.

өлтөг - өртөг

Wednesday, November 14, 2007

Хятадуудаа хайрлацгаая !

Эвий энэ хятадуудыг харахаар хайр хүрээд байх юм. Тэр нүүр царай нүд нэг л хааш яааш, шүд ам нь ёрсойчоод, өмдөө эв хавгүйхэн татцан, өөр хоорондоо ярьж байгаа нь шулганалдаад эгдүүтэй гэдэг нь. Хөөрхийс бидний өмнөөс будаа гурил, жимс ногоог минь хүртэл тарьж өгч, гутал хувцсыг минь оёж өгөөд, аяга таваг, оо сойз, 00 цаас гээд бүгдийг нь л хийж өгөх юм дөө. Бас болоогүй ээ. Толгой хоргодох байрыг минь хүртэл барьж өгч байна шд...Гэрээс хол гарсан эрчүүд юм хойно ангаж цангалгүй яахав. Гуя хасаа гаргасан охидыг хараад яаж зүгээр тэсэхэв татаж чангаагаа л биз. Ар гэрээ бодож аль мөнгөтэй эрчүүдийн ард урд нь гаран байж хэдэн төгрөг салгадаг манай хэдэн хэцүү нэртүүдэд орлого оруулж ходоодонд нь хоол нэмэрлээд л... Хэт олуулаа юм хойно хоолтой хоцрохын тулд санаагаа хурцалж чамайгаа монжиж сармис зан гаргалгүй л яахав. Цаасан дээр зурсан шугамны цаана Хун Жин Тао тэргүүтний хуулин дор амьдарч, аж төрж, аз жаргал хайж буй жирийн л хүмүүс шүү дээ. Түүхэндээ манай улстай дайсан байсан л юм байгаа биз, тэглээ гээд монголчуудыг дэлхий тэгтлээ үзэн ядаагүй л байна. Хөөрхийсийг юунд нүдэнд орсон хог шүдэнд орсон мах мэт их үзэн ядаж яанам бэ залуусаа. Тааралдсан газраа гараа зангидаад, чулуу нүүлгэж цонх хагалаад цөөрөхгүй шдээ. Тэгдэг цаг өнгөрөөд 100 жил болж байна. Тэрний оронд...
Бүгдээрээ хамаг юмыг минь хийж өгч байгаа жунгаа, хужаа, хятад хэддээ баярлалаа гэж хэлцгээе. Харин дараа нь манайх хятадаар ярьдаггүй ээ, хятад бичиг хэргэлдгүй ээ, хятад цус үгүй ээ, гурил будаа жимс ногоогоо өөрсдөө тарьчихая, хувцасаа өөрсдөө оёчихоё, манай залуус өрлөгчин болсоон байшингаа өөрсдөө барьчихая баярлалаа баяртай...

тойв - тээртэй, дараатай

Wednesday, November 7, 2007

Домог

1400-д жилийн өмнө их хөлөгний шашин ихэд доройтож байж. Тэр үед нэгэн их номтой эмэгтэй лам их хөлөгний шашинг дэлгэрүүлэхийг ихэд хичээвч эм хүнийг дорд үздэг байсны учир үгийг нь тоож сонсдог хүн байдаггүй байж. Иймийн учир эмэгтэй энгийн амьдралд орж хүү төрүүлээд, лам болгон шашинаа дэлгэрүүлэхийг хүсчээ. Тэрбээр 2 хүү төрүүлж том хүүгээ Тогмэд бага хүүгээ Егнэн хэмээн нэр хайрлав. Том хүү нь их хөлгөний лам болж бага хүү нь бага хөлгөний лам болсон учир ахыгаа ихэд буруутгадаг байжээ. Тогмэд их хөлгөний шашинг дэлгэрүүлэхээр Майдар бурхантай нүүр тулан учирч ном сонсохын тулд агуйд 3 жилийн турш бясалгавч ямар нэгэн шинж илэрсэнгүйд шантарч агуйгаас гарах гэтэл үүдэнд нь нэг эмгэн бүдүүн урт цул төмрийг өвөр дээрээ тавин хөвөнгөөр арчиж байхтай таарчээ. Лам гайхан юу хийж байгааг нь асуутал эмгэн хариуд нь " би энэ төмрийг зүлгэж зүү хийх гэж байна " гэв. Тогмэд гайхан бодолд автан энэ өндөр настай хүн шантрахгүй байхад би иймхэн зүйлд шантарлаа хэмээн буцаж агуй руугаа орон шантрах зүйл их гарч байсан ч сэтгэлийн тэнхээгээр тэвчин дахин 9 жил бясалгав. Нийт 12 жил өнгөрсөн ч Майдар бурхантай эс уулзсан тул агуйгаас гарч явтал үүдэнд нь өтөнд идэгдсэн эм нохой хэвтэж байв гэнэ. Орхиж явах гэтэл нохой үхэх аюултай байсан учир нохойг ихэд өрөвдөн өтийг нь авч хаях гэтэл өт нь үхэх гээд байсан учир хоёууланг нь аврахаар шийдэж өтийг хэлээрээ түүн өөрийн маханд шилжүүлэх гэтэл нохой Майдар бурхан болон хувирч гэнэ. Би бээр танитай уулзахын тулд агуйд 10 гаруй жил суусан авч та надад харагдаагүй. Харин одоо яагаад харагдах болов хэмээн Майдар бурханаас асуутал " Би чиний хажууд оршисоор байсан авч чамд энэрэх нигүүлсэнгүй сэтгэл бага байсны учир намайг харж чадахгүй байсан юм " гэв. Тогмэд Майдар бурханыг мөрөн дээрээ суулган хүн олонтой газраар явсан ч хүмүүс Майдар бурханыг биш, ламыг өтсөн нохой үүрээд явж байна хэмээн харцгааж байлаа. Тогмэд Майдар бурханаас олон ном эрдэм суралцаж ихэд шамдсаны эцэст дээд хэмжээнд хүрэв. Түүнээс хойш Тогмэд их хөлгөний шашинг ихээр дэлгэрүүлсэн ба өөрийн дүүгээ ч их хөлгөнд татан оруулав. Тогмэд Егнэн хоёрын бичсэн олон ном одоог хүртэл байдаг ба лам нар гол болгон судалсаар суралцсаар байгаа билээ.

тулхи - болхи дорой

Нөлөө

Огторгуйд орчигч одон гариг (гараг) орчлонгийн амьдтанд сайн муугаар нөлөөлдгийн учир өдрийн сайныг өнжин хүлээн сарын сайныг саатан хүлээн байж амгалан жаргалан болох гэдэг өдөр толгой дээр сагсайж байсан харыг хяргуулав. Бага байхаас л үс засахад сайн өдөр гэдэгт итгэсээр, үр дагаврыг нь амссаар ирсэн билээ. Күэ энэ өрөвлөгт хүрэх өдөр хүртэл надад нөлөөлдөг сонин шүү. Нэг удаа эгчдээ хөтлүүлээд найз үсчин дээр нь очоод үсээ засуулах болов. Бага байсан юм өө...Харж харж хайчилж хайчилж үсчингийн уран бүтээл дуусахад би түүнд нь түмпэн гэдэг нэр өгөв. Муухай харагдаж байгааг мэдээд байж тэр 2 гоё байна гоё байна гээд цаанаа жиг жуг намайг шоолоод инээгээд байгаа байхгүй юу...Тэсгэлгүй шарандаа уйлчихаж билээ. Харин дараа нь цаг тооны бичиг сонирхоод сууж байтал үс авах сайн муу өдөр гээд байж байхгүй юу. Нөгөө уйлдаг өдрөө хартал нүд улайн (улцайн) бүрэлзэнэ гэсэн байсан. Тэрнээс хойш ахин хэд хэдэн удаа нүд улайн бүрэлзэнэ гэдэг өдөр үсээ засуулсан. Яаж ийж байгаад л уйлаад байдаг юм билээ. Бас саваагүй өнгө зүс доройтоно гэдэг өдөр олон ч удаа засуулж байсан. Нэгэнд нь ч үсчний газраас сэтгэл хангалуун гараагүй. Өшөө зөндөө л муу өдөр засуулж байсан. Одоо үр дагаврыг нь тоочоод ч яахав дээ. Муу мэдээ ирнэ гэдэг өдөр засуултал удалгүй алс холын аймгаас цахилгаан мэдээ ирж билээ. Түүнээс хойш л муу өдөр үсээ засуулдаг миний туршилт дууссан даа хөөрхий.
Хэсэгхэн газар л ургасан энэ хэдэн хялгасанд хүртэл огторгуйд оршигч одон гариг хүртэл нөлөөлдөг аргагүй л байгалийн өмнө бид хамагаа хянуулсан өчүүхэн тоосонцор юм даа.

жидүү - зэвүү, жидүү хүргэх

Sunday, November 4, 2007

Азаа захиалаарай !

Суух автобус мөн бололтой эмгэн зүтгэн оров. Арай гэж өндөр шатан дээр нь гишгэн дээш гаран анзаарвал хүнгүй сэлүүхэн авч сул суудал алга. Харж харж сууж байгаа зараа шиг үстэй залуугийн хажууд очоод наалдасхийгээд зогсчихлоо. Анзаарах шинж алга. Орчин тойрныхон ч анир чимээгүй... бодол болон цонхоор ширтэцгээнэ. Эмгэн жаал зогсож байгаад тэсэлгүй залуугийн цамцнаас татаад " ...эмээдээ суудал тавиад өгөөч ..." гэвэл "... та залуудаа суудал тавьж өгч байсан уу? ..." гэж хэлээд дургүй нь аргагүй бослоо... Эмгэн суух суудалтай болсонч суухад тийм ч тавтай бус байв. Автобусанд байгаа хүмүүсийн адил цонхоор ширтэн өнгөрсөн амьдралаа эрэгцүүлэн бодсоор...
Та хүнд үнэн сэтгэлээсээ тусалдаг уу? Тусалж байсан уу? ... Та бурханаас ямэр нэгэн юм хүсдэг үү? Ганданд очоод залбирахдаа юу гэж залбирдаг вэ ?
Дэлгүүрт үнэгүй юм байдаггүй. Юм авахын тулд мөнгө өгдөг. Үүнтэй адил энэ ертөнцөд үнэгүй зүйл үгүй билээ. Өглөг өгч байж л түүнээс юм авна. Энэ нь зөвхөн мөнгө биш чин сэтгэлээсээ бусдад туслахыг хэлээд байна. Хэн нэгэнд туслахад баярлалаа гэж хэлдэг. Талархсан сэтгэлээс маш сайн энерги ялгарч танд нөлөөлөх болно. Бие биедээ тусалж байгаарай зөвхөн өөрийнхөө ашиг тусын тулд биш сэтгэлээсээ...
Хэн нэгэн танаас арай л илүү азтай байгаад байх шиг санагдахгүй байна уу? Ёоо тэр аймар азтай зүгээр явж байхад нь мөнгө хийсч ирээд нүүрэн дээр нь наалдаад байхдаа яахав дээ. Уг явдал болохын өмнө цаадах чинь энэ азтай учирахын тулд ямар нэг юм хийсэн л гэсэн үг. Тэр урьд нь худалдагч илүү хариулт өгөхөд нь илүүг нь буцаагаад өгсөн байж болно шдээ. Ядаж л мөнгө олох үедээ тань шиг гэртээ pc-ний ард суугаагүй л байгаа биз дээ.

гүдэс - шулуун эршүүд, томоотой