Thursday, January 17, 2008

Ирээдүйг харж болох уу?

Нэгэнтээ би өөрийн ирээдүйг уншуулчихсан хүнсэн. Миний хамгийн анхны бичлэгийг уншаарай! Түүнээс хойш тэр л үгүүд, миний хувь заяаны тухай өгүүлэл тархинд тонгочиж байгаа билээ. Хэдийгээр итгэхээс аргагүй үнэмшилтэй байсан ч болоогүй юмыг урьдчилж харна гэдэг боломжтой зүйл гэдэгт эргэлзсээр л... Ирээдүйг харж болно гэж үү? (Хэрэв энэ бичлэг уншихад урт санагдаж байвал алгасаад доор бичигдсэн том хар хэсгээс эхэлж уншаарай!) Энэ талаар мэддэг хүнээс асуучихаж болох авч, чиний асуулт бүхэн өөрийн чинь дотор байдаг гэсэн мэргэн хүний үгийг баримтлахыг хичээдэг учир өөрөөсөө ухахыг хичээв.Та гэрлэн биеийн тухай сонсож байсан байх. Хүний биеийг эфирийн гэрэл хэмээх хүнд харагдахааргүй (хичээвэл харж ч болно л доо) маш өндөр давтамжтай биеийн галбир даган, ширхэг үсийг ч хүрээлэн байдаг соронзон орон бүрхүүл байдаг. Түүний гадуур өндгөн хэлбэртэй эфирэн биеийг бодвол илүү нарийн бүтэцтэй гэрлэн бие (өндөр 2м гаран, өргөн 1,2м) хүрээлэн, өнгөөрөө, хэлбэрээрээ таны жаргалт зовлон, өвчин эмгэг гээд бүгдийг тань илэрхийлдэг (гэрлэн биеийн зураг гаргадаг багаж байдаг гэсэн) хүрээ байна. Хүний хувцсыг хараад ерөнхийдөө ямар хүн бэ гэдгийг дүгнэж болдог билээ. Үүний ижил гэрлэн биеийг хараад таны "амьдралыг уншиж" болно. Үнэн худлыг мэдэхгүй ч гэрлэн биеийг хардаг билгийн нүдтэй хүмүүс байдаг гэсэн. Гэгээрэлд хүрсэн хүмүүс билгийн нүдтэй байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг юм. Гэрлэн биеээс таны өнгөрсөн амьдралыг ерөнхийдөө харчихаж болохоор байгаа биз. За үүнийг түр зуур орхиод... Үнэхээр хэдэн мянган жилийн өмнө миний ирээдүйг харчихаад биччихсэн байна гэж үү? Шууд ч харчихаагүй, мэдсэн байж болох юм. Өөрөөр хэлбэл ирээдүйг бодож олсон гэсэн үг. Хүний хийсэн үйл хэрэг, карма ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон байж болох юм гэж би дүгнэх гэв. Хэдэн мянган төрлийн өмнөх миний төрөл хэнбугайн үйлийг (гэрлэн бие ч юм уу ямар нэг энергийн бөөгнөрөл) хараад гэгээтэн хэд хэдэн үеэр минь "тооцоолон" гаргаж л дээ. Жишээ нь нэг физикийн номон дээрхи бодлого байя л даа. Бодлогын хувьд ирээдүй нь түүний хариу. Бодож байж л хариуг гаргана. Хариу нь хамгийн арын хуудсанд бичигдээгүй тохиолдолд шүү дээ. Хэрэв хэн нэгэн шидтэн ирээдүйг шууд хардаг байсан бол, жишээний хувьд бодлогын хариуг арын хуудсыг нь эргүүлээд хариултыг нь шууд харахтай л адил. Тийм хүн байхгүй байх. Байсан бол өнгөрсөн зуунуудад хэн нэгэн комьпютер гэж ийм юм гарч ирнээ гээд зургийг нь зурчихаж болох л байсан.
Гэрлэн биенд ирээдүй хүртэл оршин байдаг байхнээ.

Дарамсала

Хэсэг хугацаанд алга болсоны шалтгаан биш шалтаг бол Энэтхэгийн баруун хойд хэсэг, Гимлайн нуруунд орших Дарамсала гэдэг жижиг хотхонд хэд хоносных билээ. 1959 онд төвд рүү хятадууд дайрч орсны улмаас төвдөөс дүрвэгсэд энэтхэг улстай хийсэн гэрээний дагуу эл газар суурьшсаар иржээ. Газар хөдлөлтйин идэвхитэй бүсэд оршдог, түүхэнд 1848 оноос английн мэдлийн цэргийн арми байрладаг байсан авч 1905 оны газар хөдлөлтийн уршигаар 20,000-д хүн амь эрсэдсэн гэсэн тоо баримт бий. Дарамсала нь хоорондоо 9 км орчим зайтай орших далайн түвшнээс дээш 1800 метрт орших дээд Дарамсала (McLeod Ganj) ,түүнээс 460м орчим нам дор байрлах доод Дарамсала гэсэн 2 хэсгээс бүрддэг байна. Миний хувьд дээд дарамсалад байрлаж цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, цаст уулын орой руу хараа бэлчээсэн шиг хэд хонов. Гадаадын жуулчид маш их байдаг болоод ч тэр үү буудал, ресторан нь үйлчилгээ сайтай санагдав. Энд далай багшийн хийд гэж байдаг ба тэнд хөгшин залуу хүүхэд шуухадгүй төвдүүд өглөө болгон очиж сунаж мөргөх нь мөргөн, хүрд эргүүлэх нь эргүүлэн байх. Хөлд ороогүй хүүхэд ч чадах ядхаараа мөргөж байхыг ч харав. Хамгийн гайхалтай нь яг лам шиг л бүгд ямар нэгэн ном, тарни амандаа дуржигнуулцгаах юм. Энэтхэгийн хаана ч байдгийг батлах мэт тэнд ч бас гуйлгачид мөнгө шалан зам хаах нь жаахан залхмаар. Хэдий ядуу, нутаг оронгүй хүний нутагт хоргодож байгаа төвдүүдээс нэг нь ч гуйлга гуйгаагүй байхад энэтхэгүүд тэнд өнгөтэй харагдсан хүн болгоныг татаж чангаах нь хөөрхийлөлтэй л санагдав. Хаана ч монгол хүн байдаг гэсэн шиг 2 алхаад л монгол хүнтэй таарч байх юм. 8-р богд халх Жавзандамба хутагтын 9-р дүр Жамбалнамдалчойжижанцан богд дээд Дарамсалад байрлан буддын шашин хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Намайг очоод бараалхах гэтэл хэдийгээр оросод байхдаа харвалт өгөөд бие нь чилээрхүү байгаа гэсэн хэдий ч холоос зорьж очсон болоод ч тэрүү, монгол хүн болохоор тэгсэн үү сэтгэл гарган хүлээн авч адис хүртээн, чадах чинээгээрээ ярилцан, өөрийн бичсэн "Итгэмжит үл дийлдэх саран авхайн нигуурын ишлэл" хэмээх ном, Жанрайсаг бурханы зураг тэргүүтнийг бэлэглэсэн билээ. ТАЛАРХЛАА.
Харин доод Дарамсалад Жүд хэмээх томоохон дацанд тарнийн хүч шингэсэн үрэл байдаг гэдгийг сонсож байсан болохоор сураглан очвол 12 13-н насны хөөрхөн хэрсүү 2 лам хүүхэд газарчилж, орчуулж өгсөний тусаар хүссэнээ олж авлаа. Тэнд 15 монгол хүүхдүүд суралцдаг гэсэн ба хамгийн бага нь 11-тэй гэв. 12-той хүүгээс хэдэн настайдаа ирсэнийг асуувал 7 гэв. Хэдэн жилийн дараа тэр 2-н амнаас гарсан тарни бүхэн биелэх бизээ...

дацан - шашны сургууль

Sunday, December 23, 2007

Сэтгэгдэл

Шинэ жил болох гээд гоё байна... Гоё гээд хөөрцөглөөд ч байх юу байхав он гарах гээд цаг л яваад байна шүү дээ. Миний блог-г уншиж байдаг та нарт баярллаа. Ялангуяаа юм бичээч гээд шалан байдаг Арсун ахдаа их баярллаа. Ангаахай нь он гаргаад бараг 4-н сартай болох гэж байна. Хэсэг хугацаа өнгөрөөд бүргэд, тоть, болжмор гээд ямар нэгэн юм болох бизээ. Энэ хугацаанд эргээд харахаар царай муутай хааш яаш бичсэн хэдэн халтар бичлэг л байх шив дээ. Цаашид улам илүүг бичихийг хичээнээ...
Та Ангаахай блог-г уншаад ямар хүн үүний ард суудаг гэж төсөөлдөг вэ? Сэтгэгдэлээ харамгүй, гамгүй, хайргүй, найргүй хуваалцаарай !

Wednesday, December 19, 2007

Disneyland "Magic Highway USA"

1958 онд Disneyland "Magic Highway USA" нэртэй уг хүүхэлдэйн киногоор ирээдүйг зөгнөж байжээ. Ингэж сайн төсөөлнө гэж байдаг аа.

Tuesday, December 18, 2007

С. Ганбаатар илтгэл 1-р хэсэг

Заавал сонсоорой ! Би өөрөө зургийг нь эвлүүлэх гэж оролдов...

Monday, December 17, 2007

Үгээр үнэнийг илэрхийлэх

Та ямар нэгэн юм ярьж, бичиж л дээ. Харин таны ойлгуулахыг хүссэн бүхэн тухайн хүнд яг таны дотор байгаа шигээ хүрэх болов уу? Хүн хүн өөр өөрийн мэдлэгийн түвшинд ойлгосоноороо л хүлээж авна. Хэрэгтэй, хэрэггүй, зөв буруу зөрүү гэх зэргээр янз янзаар тусгана. 100% ойлгоно, ойлгуулна гэдэг хэцүү юм. Хүний дотор орж чадахгүйтэй адил эргэлзээтэй асуудал. Жишээ нь би хэн нэгэн хүнд хэлж л дээ. Би чамд хайртай... Өнөөх хүмүүс нь дотроо бодож байна: зарим нь ямар гоё юм бэ би ч бас... Нэг хэсэг нь худлаа даа хэн мэдэхийн... Би түүнд хайртай гэдгээ тухайн үед өөрөөр яаж ойлгуулах вэ? Үгээр үнэнийг илэрхийлэх бол үнэхээр хэцүү... Лалын шашны Куран сударт "..чамайг болон чиний гэр бүлийг доромжилсон хүнийг чи хөнөөж болно, харин үхсэнийхээ дараа дээд тэнгэрт яагаад хүн хороох болсон шалтгаанаа тайлбарлаж чадвал чи диваажинд үгүй бол тамд..." гэсэн хэсэг байдаг гэж нэгэн иран найзаасаа сонсож байсан юм. Үнэхээр куран сударт иймэрхүү юм бичсэн байдаг гэдэг эргэлзээтэй. Харин тэнд үнэхээр тийм утгаар бичсэнийг хэн юу гэж ойлгоод тараасан юм бол гэдэг нь асуудал. Куран гэсэн үг нь л гэхэд өөрөө 70-д утгатай гэдэг.
Тэгвэл яаж ойлгох, ойлгуулах вэ? Чадвартай хүн бол чамайг үггүй байхад чинь ойлгоно. Далай багшийн номонд сууж байхад тэрээр ярьж байснаа гэнэт тэддүгээр эгнээний тэд дэх хүнийг шалгаадах гэв. Тэр хүнийг нэгжээд баривчлаад гараад явсан. Сүүлд чих тавихнээ зэвсэгтэй этгээд байсан гэсэн. Далай багш яаж мэдсэн юм бол оо? Психотроникийн талаас нь тайлбарлах гэж оролдвол багш хүний гэрлэн биеийг харах чадвартай байж болно, аль эсвэл хүний бодлыг ч уншиж чаддаг байх. Өшөө нарийн ширийн зүйлүүд байж болох юм. Ямарч байсан чадвартай хүн бол таныг төвөггүйхэн ойлгочих байх. Амьтад хүний хэл мэдэхгүй ч хүнийг ойлгодог. Яаж тэр вэ? Жишээ нь нохой айсан хүн руу дайрдаг гэдэг. Нохой үнэрлэх чадвар сайтай учир ШУ айсан хүнээс үнэр ялгардаг гэж тайлбарлав. Үгүй ч байж болно шүү дээ. Төгс хэл гэж үгүй. Тиймээс аливаа нийтлэлийг уншихдаа битий зүгээр нүдээрээ гүйлгэж уншиж байгаарай. Та минутын уншлага өгч байгаа хүүхэд биш дээ. Харин ганц нэг уншингуутаа тэнэг гэж дүгнэхээсээ өмнө сайн тунгаан уншин хэрэгтэй зүйлийг олж аван, хэрэггүйг нь таягдан, тухайн хүний хэлэх гэснийг утгаар нь сайн ойлгохыг хичээгээрэй. Үгний ард үг гэж ярьдаг даа.
Одоо миний санааг ойлгосон уу?

Sunday, December 9, 2007

Утаанбаатар


BY ангаахай