Wednesday, February 20, 2008

Та хэзээ, юунд хариуцлага хүлээнэ гэж бодож байна?

Яаруу явж байсан чинь ёоо гутал задарчихдаг. Явахын аргагүй... ядаж байхад гуталчин баагий дээр гуталтангууд овоорчихсон, очер яриад муухай муухай хараад... Уур хүрээд байх юм. Энэ муу гуталчин оёод өгчихгүй ажил баллаад сүртэйн, энэ хүмүүс урдуураа оруулчихгүй ядаргаатчих юм аа, нээх ажилтай ч юм шиг... Хүн өглөө босоод шар гутлаа өмсөх гээд байхад энэ нь дулаахан гээд ээж одоо... Энэ мууг уул нь авмааргүй байхад авгай ав ав гоё байна, тэглээ ч боломжийн үнэтэй юм гээд байсан шал дэмий юм авчихдаг... Ингэхийг нь мэдээд байхад... Тэр муу дэлгүүрийн хүүхэн худлаа дулаахан ориг мориг, хэдэн жил өмсөнө энэ тэр гээд худлаа бураад... Яахаараа дандаа хятдын хог оруулж ирдэг байнаа... Намайг бодвол мөнгөтэй юм байж худлаа нарийлаад, хямдхан гутал оруулж ирчихээд үнэтэй зараад...хүн шулаад...олигтойхон газраас авчирч болдоггүй л юм байхдаа... Энэ хэдэн бизнесмэнүүд нь худлаа улс төр хөөж байхын оронд ганц сайн гутлын үүлдвэр барьчихгүй...Ард түмний татвар хувааж идэж суух нь амар байдаг биз...Ажилгүй хэдэн юмнууд... Мөнгөө шулуулах хүнийхээ нэрийг дугуйлчихдаг бас мулгуу толгойнууд шүү... Анхнаасаа л хөдөө гаралтай юм болохоор...
Тийм... гутал урагдсанд төр, түм, түүх буруутай...
буюу бүхний өмнө та хариуцлага хүлээнэ. Гутал, гуйлгачин, улс, төр , түүх... бүгдэд нь та буруутай. Тэнд мал үхэж зуд болж байвал та буруутай... Тэртээд онгоц сүйрч , хүн хүнээ хөнөөсөнд та буруутай... Хөмсгөө өргөөд байх хэрэггүй, бултах гээд ч хэрэггүй. Хүссэн хүсээгүй үүний төлөө хариуцлага хүлээнэ.
Харин номын санд ороод ном уншчихаад зохиогч, номын сангийн эзэн, үүсгэн байгуулагч хянагч тэр бүү хэл номын санчид хүртэл баярлах хэрэгтэй бус уу?! Гараад таксины жолоочид...цайны газрын тогоочид... зам цэвэрлэгч , хог шүүрдэгч, орцны жижүүр , олиггүй хулгайчид хүртэл таларх... тэдэнгүйгээр ямар байна? Төсөөл дөө...
Хүний блогоор орж уншаад үнэн ч бай , худалч бай , хэрэгтэй хэрэггүй , уур хүрмээр , дургүй хүрмээр байсан хамаагүй түүнд баярллаа гэж хэлэх хэрэгтэй болов уу... Ядаж л Googlt adsense байдаг бол тэрэн дээр нь ганц ч болтугай тогшилт хийгээд өгөх л хэрэгтэй.

Thursday, February 7, 2008

3... 2... 1... хулгана жил гарлаа

Бага байхдаа зүг гаргахаас их ичдэг байлаа. Нэг жил шинийн нэгний өглөө зүгээ гаргахгүй гээд тэрийгээд хэвтчихлээ. Ижий минь гар хүрдэггүй савангийн хөөс шиг эмзэг байсан намайг гэнэт тэр өдөр угз татан босгоод үзүүртэй гутлаараа бөгс рүү өшиглөн эгээ л бөмбөг шиг 3-н давхараас гадаа гартал тууж, гарт тарни бичсэн цаас атгуулан зүг зааж өгсөн билээ. Би гэж нус нулимсаа долоон ээжийн аягласанд гомдоод л... тэгтлээ уурласныг бодвол зүг гаргах их л чухал байсных биз. Амьдралдаа хэдхэн удаа мөр гаргаж үзсэн. Хүний нутагт суугаа хүн зүг гаргадгүй гэж сонссоных. Арга ч үгүй биз. Шинийн нэгний өглөө нар мандахаас өмнө бослоо гэсэн чинь хулгана, үхэр ямар цаг ч байх юм билээ. Ямар 5 4 3 2 1 ээ гээд секунд тоолоод гарчихдаг жил биш. (Миний "цаад" цаг хаанахын цагтай таардаг юм болоо?) За босоод гурилаараа гахай, нохойгоо хийгээд баруун урд зүгт гарлаа гэсэн чинь нар нь хаанаас манддаг нь мэдэгдэхгүй манантай, ядахад өндөр байшинтай, зүгээ мэдэхгүй чөтгөртэй зүг рүү нь гаргаад өнөөх барьж явдаг сэрээнд нь өлгүүлэх биз. Мэдлээ ч гараараа цеменд ухалтай биш, гахайгаа газар тавиад дэвсэлтэй биш. Хог тарьлаа гээд шинийн нэгэндээ хохирол гаргаж тэр жилдээ түрүүвч нимгэн явах биз. Монголчууд 2 шинэ жил тэмдэглэдэг сайхан шүү! 2 ч удаа шив шинэхэнээр эхэлж байгаа юм шиг. Ямартай ч элгээрээ энх амгалан хэмээн золголцож идээ ундаа элбэг байхыг хүсэн ширээ засан, илүү ихийг билэгшээн ирсэн хүн болгоныг дайлан, эд бараагаар элбэг байг гээд бэлэг өгдөг бизээ.
Сайхан шинэлээрэй!

Friday, February 1, 2008

Б .... Ш

Ижий аав 2 минь нэг хэсэг эрээнтэй бараантай амьдралд ээдэрч , бүдэрч явах цагтаа үзмэрч, ламд бараалхаж ажил амьдралынхаа учир начирыг лавлаж гэнэ л дээ. Цаадах нь зоос хаясан уу шоо шидсэн үү бүү мэд танайд нэг бурхан буруу харан байрласан байна гэв. Буруу хараад байх бурхан шүтэж яваагүй юмсан будилуу хүн дээр иржээ хэмээсэн гэдэг. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хог новшоо янзалж хэрэггүй бичиг цаасаа ухаж л дээ. Гэтэл тэр дунд нь Далай Лам дүрээрээ сууж байх юм гэнэ. Байрлал нь харин буруу харж ээ. Үүнээс хойш шүүгээн дотор Бурхан Будда заларч , өмнө нь үе үе зул асдаг болсон юм гэдэг. Духаа шалбартал, өвдгөө өвдтөл мөргөлөө гээд гуйсан болгоныг чинь гаран дээр тавчихдаггүй гуулин суумал биш дэгээ. Өгдөггүй ээ гээд өлөн тархийг чинь бохир усаар угаадаг, дуртай нэг нь муулж, харааж байдаг зүгээр ч нэг баримал биш дэгээ. Та хэзээ ч харахгүй, хэзээ ч сонсохгүй, угаас бурхан гэж үгүй. Харин наандаж сэтгэл судлал, цаандаж шидийн хүчтэй шашин гэгчийг ухан ойлгож, чин сэтгэлээс шүтэх нь таны дорд бие болоод дээд биед тустай бус уу. Учраа мэдэхгүй худлаа мөргөөд ч яаалаа, битгий шүт . Гэхдээ буруу зөрүү гэж битгий нүд. Шүтвэл лалынхан шиг амиа тавин шүт л дээ. Чадахгүй бол өөрийгөө л шүт. Та өөрөө бурхан. Шашин болгоны зорилго нэг зүгт... Аз жаргал, амар амгалангуй руу л тэмүүлнэ. Гараа алдалсан, алгаа дэлгэсэн, хөлөө зөрүүлсэн, хамраа унжуулсан аль нь ч бай чиний сайн сайхны төлөө нэг л уулын өөд өөрийн өөрийн зам мөрөөр л өгсөнө. Аль замаар нь явах нь харин таны дур. Харин замаа холиод , солиод , уруу өнхрөх вий хөөрхий.

Thursday, January 17, 2008

Ирээдүйг харж болох уу?

Нэгэнтээ би өөрийн ирээдүйг уншуулчихсан хүнсэн. Миний хамгийн анхны бичлэгийг уншаарай! Түүнээс хойш тэр л үгүүд, миний хувь заяаны тухай өгүүлэл тархинд тонгочиж байгаа билээ. Хэдийгээр итгэхээс аргагүй үнэмшилтэй байсан ч болоогүй юмыг урьдчилж харна гэдэг боломжтой зүйл гэдэгт эргэлзсээр л... Ирээдүйг харж болно гэж үү? (Хэрэв энэ бичлэг уншихад урт санагдаж байвал алгасаад доор бичигдсэн том хар хэсгээс эхэлж уншаарай!) Энэ талаар мэддэг хүнээс асуучихаж болох авч, чиний асуулт бүхэн өөрийн чинь дотор байдаг гэсэн мэргэн хүний үгийг баримтлахыг хичээдэг учир өөрөөсөө ухахыг хичээв.Та гэрлэн биеийн тухай сонсож байсан байх. Хүний биеийг эфирийн гэрэл хэмээх хүнд харагдахааргүй (хичээвэл харж ч болно л доо) маш өндөр давтамжтай биеийн галбир даган, ширхэг үсийг ч хүрээлэн байдаг соронзон орон бүрхүүл байдаг. Түүний гадуур өндгөн хэлбэртэй эфирэн биеийг бодвол илүү нарийн бүтэцтэй гэрлэн бие (өндөр 2м гаран, өргөн 1,2м) хүрээлэн, өнгөөрөө, хэлбэрээрээ таны жаргалт зовлон, өвчин эмгэг гээд бүгдийг тань илэрхийлдэг (гэрлэн биеийн зураг гаргадаг багаж байдаг гэсэн) хүрээ байна. Хүний хувцсыг хараад ерөнхийдөө ямар хүн бэ гэдгийг дүгнэж болдог билээ. Үүний ижил гэрлэн биеийг хараад таны "амьдралыг уншиж" болно. Үнэн худлыг мэдэхгүй ч гэрлэн биеийг хардаг билгийн нүдтэй хүмүүс байдаг гэсэн. Гэгээрэлд хүрсэн хүмүүс билгийн нүдтэй байдаг гэдэгт би хувьдаа итгэдэг юм. Гэрлэн биеээс таны өнгөрсөн амьдралыг ерөнхийдөө харчихаж болохоор байгаа биз. За үүнийг түр зуур орхиод... Үнэхээр хэдэн мянган жилийн өмнө миний ирээдүйг харчихаад биччихсэн байна гэж үү? Шууд ч харчихаагүй, мэдсэн байж болох юм. Өөрөөр хэлбэл ирээдүйг бодож олсон гэсэн үг. Хүний хийсэн үйл хэрэг, карма ирээдүйд хэрхэн нөлөөлөхийг тооцоолсон байж болох юм гэж би дүгнэх гэв. Хэдэн мянган төрлийн өмнөх миний төрөл хэнбугайн үйлийг (гэрлэн бие ч юм уу ямар нэг энергийн бөөгнөрөл) хараад гэгээтэн хэд хэдэн үеэр минь "тооцоолон" гаргаж л дээ. Жишээ нь нэг физикийн номон дээрхи бодлого байя л даа. Бодлогын хувьд ирээдүй нь түүний хариу. Бодож байж л хариуг гаргана. Хариу нь хамгийн арын хуудсанд бичигдээгүй тохиолдолд шүү дээ. Хэрэв хэн нэгэн шидтэн ирээдүйг шууд хардаг байсан бол, жишээний хувьд бодлогын хариуг арын хуудсыг нь эргүүлээд хариултыг нь шууд харахтай л адил. Тийм хүн байхгүй байх. Байсан бол өнгөрсөн зуунуудад хэн нэгэн комьпютер гэж ийм юм гарч ирнээ гээд зургийг нь зурчихаж болох л байсан.
Гэрлэн биенд ирээдүй хүртэл оршин байдаг байхнээ.

Дарамсала

Хэсэг хугацаанд алга болсоны шалтгаан биш шалтаг бол Энэтхэгийн баруун хойд хэсэг, Гимлайн нуруунд орших Дарамсала гэдэг жижиг хотхонд хэд хоносных билээ. 1959 онд төвд рүү хятадууд дайрч орсны улмаас төвдөөс дүрвэгсэд энэтхэг улстай хийсэн гэрээний дагуу эл газар суурьшсаар иржээ. Газар хөдлөлтйин идэвхитэй бүсэд оршдог, түүхэнд 1848 оноос английн мэдлийн цэргийн арми байрладаг байсан авч 1905 оны газар хөдлөлтийн уршигаар 20,000-д хүн амь эрсэдсэн гэсэн тоо баримт бий. Дарамсала нь хоорондоо 9 км орчим зайтай орших далайн түвшнээс дээш 1800 метрт орших дээд Дарамсала (McLeod Ganj) ,түүнээс 460м орчим нам дор байрлах доод Дарамсала гэсэн 2 хэсгээс бүрддэг байна. Миний хувьд дээд дарамсалад байрлаж цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалж, цаст уулын орой руу хараа бэлчээсэн шиг хэд хонов. Гадаадын жуулчид маш их байдаг болоод ч тэр үү буудал, ресторан нь үйлчилгээ сайтай санагдав. Энд далай багшийн хийд гэж байдаг ба тэнд хөгшин залуу хүүхэд шуухадгүй төвдүүд өглөө болгон очиж сунаж мөргөх нь мөргөн, хүрд эргүүлэх нь эргүүлэн байх. Хөлд ороогүй хүүхэд ч чадах ядхаараа мөргөж байхыг ч харав. Хамгийн гайхалтай нь яг лам шиг л бүгд ямар нэгэн ном, тарни амандаа дуржигнуулцгаах юм. Энэтхэгийн хаана ч байдгийг батлах мэт тэнд ч бас гуйлгачид мөнгө шалан зам хаах нь жаахан залхмаар. Хэдий ядуу, нутаг оронгүй хүний нутагт хоргодож байгаа төвдүүдээс нэг нь ч гуйлга гуйгаагүй байхад энэтхэгүүд тэнд өнгөтэй харагдсан хүн болгоныг татаж чангаах нь хөөрхийлөлтэй л санагдав. Хаана ч монгол хүн байдаг гэсэн шиг 2 алхаад л монгол хүнтэй таарч байх юм. 8-р богд халх Жавзандамба хутагтын 9-р дүр Жамбалнамдалчойжижанцан богд дээд Дарамсалад байрлан буддын шашин хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа билээ. Намайг очоод бараалхах гэтэл хэдийгээр оросод байхдаа харвалт өгөөд бие нь чилээрхүү байгаа гэсэн хэдий ч холоос зорьж очсон болоод ч тэрүү, монгол хүн болохоор тэгсэн үү сэтгэл гарган хүлээн авч адис хүртээн, чадах чинээгээрээ ярилцан, өөрийн бичсэн "Итгэмжит үл дийлдэх саран авхайн нигуурын ишлэл" хэмээх ном, Жанрайсаг бурханы зураг тэргүүтнийг бэлэглэсэн билээ. ТАЛАРХЛАА.
Харин доод Дарамсалад Жүд хэмээх томоохон дацанд тарнийн хүч шингэсэн үрэл байдаг гэдгийг сонсож байсан болохоор сураглан очвол 12 13-н насны хөөрхөн хэрсүү 2 лам хүүхэд газарчилж, орчуулж өгсөний тусаар хүссэнээ олж авлаа. Тэнд 15 монгол хүүхдүүд суралцдаг гэсэн ба хамгийн бага нь 11-тэй гэв. 12-той хүүгээс хэдэн настайдаа ирсэнийг асуувал 7 гэв. Хэдэн жилийн дараа тэр 2-н амнаас гарсан тарни бүхэн биелэх бизээ...

дацан - шашны сургууль

Sunday, December 23, 2007

Сэтгэгдэл

Шинэ жил болох гээд гоё байна... Гоё гээд хөөрцөглөөд ч байх юу байхав он гарах гээд цаг л яваад байна шүү дээ. Миний блог-г уншиж байдаг та нарт баярллаа. Ялангуяаа юм бичээч гээд шалан байдаг Арсун ахдаа их баярллаа. Ангаахай нь он гаргаад бараг 4-н сартай болох гэж байна. Хэсэг хугацаа өнгөрөөд бүргэд, тоть, болжмор гээд ямар нэгэн юм болох бизээ. Энэ хугацаанд эргээд харахаар царай муутай хааш яаш бичсэн хэдэн халтар бичлэг л байх шив дээ. Цаашид улам илүүг бичихийг хичээнээ...
Та Ангаахай блог-г уншаад ямар хүн үүний ард суудаг гэж төсөөлдөг вэ? Сэтгэгдэлээ харамгүй, гамгүй, хайргүй, найргүй хуваалцаарай !

Wednesday, December 19, 2007

Disneyland "Magic Highway USA"

1958 онд Disneyland "Magic Highway USA" нэртэй уг хүүхэлдэйн киногоор ирээдүйг зөгнөж байжээ. Ингэж сайн төсөөлнө гэж байдаг аа.